logo
Амны хөндий эрүүл бол бөөр өвдөхгүй бас өвчлөхгүй

Амны хөндий эрүүл бол бөөр өвдөхгүй бас өвчлөхгүй

2011/09/27
-Хүйтний улиралд бие дулаан, хоол сайн бол бөөр эрүүл байх боломжтой-
Манайхан дунд доороосоо даарч, хөрснөөс болж өвдөж зовдог, өвчин тусдаг хүн цөөнгүй бий. Тиймээс хөнгөн нимгэн хувцаслах дуртай хүүхэд, багачуудад мөн томчуудад "Өвөл хаяанд ирлээ" гэдгийг сануулах гэсэн юм.

Хэрэв та өвдөхгүй, өвчлөхгүй өвлийг давъя гэж бодож байгаа бол бөөр, давсгаа бөөцийлөх хэрэгтэй. "Эрүүл амьдрал " булангийн энэ удаагийн зочноор бид Улсын клиникийн төв эмнэлгийн Сэргээн засах клиникийн их эмч, Анагаах ухааны магистр Д.Буяндэлгэрийг урьсан юм. Тэрээр танд бөөр тань ямар "ааш, зан"-тай, түүнийг хэрхэн хайрлаж хамгаалах талаар дараах зөвлөгөөг өгч байна.

ШҮД, АМНЫ ХӨНДИЙН ҮРЭВСЭЛ Ч БӨӨРИЙГ ӨВЧЛҮҮЛНЭ

Бөөр хүний биеийн эрхтнүүдээс хамгийн нарийн бүтэцтэй бөгөөд үйл ажиллагааны хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биеийн хэвийн үйл ажиллагааны нөхцлийг хангахад бөөрний үүрэг маш их. Иймд та эрүүл мэнддээ анхаарал хандуулж, бөөрөө хайрлаж, хамгаалах нь хамгийн чухал.

Аливаа өвчнийг бүрэн төгс эмчлэхийн тулд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээгээ дутуу орхилгүй, бүрэн хийлгэх хэрэгтэй. Энэ нь ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болдог. Таны биед ямар нэг үрэвслийн голомт байгаа бол бөөр түүнээс болж өвчилдөг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Шүд, амны хөндий, хамар, залгиур хоолойны үрэвсэл биед байснаас дархлаа суларч өвчлөлийн эх суурийг тавьдаг. Тиймээс та аль ч улиралд цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах, ажлын байрны нөхцөл, амьдралын хэв маягийг зөв баримтлах нь чухал.

ЭМЧИЛГЭЭГЭЭ ДУТУУ ХИЙЛГЭВЭЛ БӨӨРНИЙ ӨВЧИН АРХАГШДАГ

Бөөрний өвчлөл нь бактерийн болон бактерийн бус үрэвслээс үүсдэг. Тиймээс нэг удаа эмчлүүлээд дараагийн шатны эмчилгээг эмчийн дурьдсан хугацаанд заавал хийлгэх шаардлагатай. Эмчилгээг богино хугацаанд хийлгэж, тасалдуулснаас өвчин архагшдаг тул бүрэн төгс эмчилгээг заавал хийлгэх хэрэгтэй. Мөн хатуулаг ихтэй ус, их давс хэрэглэх нь бөөрний өвчинд нөлөөлдөг.

Архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хурц хоол амтлагч, утаж даршилсан зүйлсээс давсагны ханыг цочроох нөлөө үзүүлдэг учир та эдгээр зүйлээс татгалзаарай.

ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ БӨӨРӨНД МУУГААР НӨЛӨӨЛНӨ

Өдөрт авах ёстой энергийн онцлог, улирлын хэмнэлээс хамаарч заавал авах ёстой калорийг хүн хоол хүнсээр дамжуулан авдаг. Манайд ихэнхдээ хоолны чанарын дутагдлаас өвчин үүсэх магадлал өндөр.

Витамин нь бие махбодийн тэсвэрт байдлыг тогтворжуулж, бие махбодид явагдах бичил эргэлтийг зохицуулахад оролцдог. Витамин A, Е, С, В бүлгийн витамин болон төмөр, цинк, магни, марганец, иод агуулсан бэлдмэл болон хоолны нэмэгдэл бүтээгдэхүүнийг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь хамгийн үр дүнтэй, урьдчилан сэргийлэх арга болдог. Гэхдээ дээрх бэлдмэлийг та эмчийн зааврын дагуу хэрэглээрэй. Мөн хөдөлгөөний хомсдол уг өвчнийг үүсгэх суурь үндэс болдгийг анхаарч тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

АЛЬ Ч УЛИРАЛД БӨӨРӨӨ БӨӨЦИЙЛӨӨРЭЙ

Бөөрний өвчлөл зүрх судасны өвчний дараа ордог. Тиймээс хувь хүн ажил, амьдралын нөхцөл байдлаас болж ууц, нуруу, бөөрөө хамгаалах ёстой. Бөөр усан махбодьтой эрхтэн. Тэгэхээр ажиллаж байгаа газар, усанд, ууранд удаан зогсдог хүн хуурай агаарт гарах ч юм уу, ажлаа зохицуулах хэрэгтэй.

Манай уламжлалт арга бий. Дээр үеийн хүмүүс бүс бүсэлдэг байсан учраас бөөр нь өвддөггүй байжээ. Хувцаслалтдаа анхаарч дулаан байх хэрэгтэй. Мөн аль болох чийг даадаг гутал өмсөхөөс татгалз. Манайхан эрс тэс уур амьсгалтай гээд өөхтэй хоол их иддэг. Махны уураг их идэх нь бөөрөнд ачаалал өгдөг. Тэгэхээр бөөр нь өвдөж байгаа хүмүүс цагаан хоол идэж, цаг агаарт тохируулан хувцаслах хэрэгтэй. Аль болох халдвараас сэргийлж, бөөрөө өвчлүүлэхгүй байх нь чухал юм. Жимс, ногоо элбэг байгаа үед витаминыг аль болох идэх, өөх, шингэнээ зохицуулах хэрэгтэй.

Б.Туул
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш