logo
Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 283 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 283 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна

2015/03/20
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хүрээнд өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Үүний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нийслэлийн Статискийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын талаар танилцууллаа.  

Нийслэлийн сүм хийдийн талаар дэлгэрэнгүй түвшинд судалж, бүртгэлжүүлж, байршлыг тогтоож, мэдээллийг газрын зурагт оруулж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сүм хийдтэй харилцах харилцаа, бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бий болгосон байна.  Сүм хийд, шашны байгууллагын 2014 оны тооллого нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж, орон зайн байршлаар үүсгэсэн мэдээллийн сан бүхий тооллого болсноороо чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлж үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм хийд, шашны байгууллага байгааг тоолж, бүртгэв. Үүнээс албан ёсны зөвшөөөрөлтэй 283, зөвшөөрөлгүй 89, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм хийд байгаа юм. Сүм хийдийн ихэнх хэсэг буюу 61.3 хувь нь христийн шашны сүм, цуглаанууд байдаг байна. Харин 28.5 хувийг Монголчуудын олонхи нь шүтдэг бурханы шашны сүм хийд эзэлж байгаа бөгөөд Бөө мөргөлийн зан үйлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бүртгэгджээ. Мөн Католик шашны  7 байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дүүргээс бусад дүүрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шүтлэг, мүүн, шинто, хиндү шашныг төлөөлсөн 5 байгууллага байна.  
 
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн хамгийн их буюу 41.3 хувь нь Баянзүрх, 21.5 хувь нь Сүхбаатар, 17.3 хувь нь Баянгол, 14.0 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа юм. Тоологдсон гурван сүм тутмын хоёр нь нийслэлийн гэр хороололд төвлөрч байна. Ялангуяа Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт сүм хийдийн 80 шахам хувийг гэр хороололд байршилтай сүм хийд эзэлж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш