Маркетингийн мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уялдаатай хамтын ажиллагааг дэмжин идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх гэсэн Засгийн газрын шийдвэрийг салбартаа хэрэгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих үндсэн зорилгын хүрээнд Монголын Үндэсний Маркетингийн холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол улс даяар “Маркетингийн цуваа”-г эхлүүлэх шанг Дархан хотод татлаа. Тус холбооныхон “Бид хамтдаа орон нутгийн брэндийг Монголдоо, Монголын брэндийг дэлхийд таниулж чадна” уриан дор JCI найрамдал салбар, JCI дархан салбар байгууллага болон орон нутгийн бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, маркетингийн албаны захирал, маркетингийн менежерүүд, хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нар хамтарсан уулзалт зохион байгуулж, “Хямралын үеийн маркетинг, зардал бууруулах аргачлал”, “Брэндинг”, “МҮМХ-ны танилцуулга, маркетеруудын нэгдэл” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.
Тэрхүү уулзалт, ярилцлагад Дархан хотын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тухайлбал, “Дархан хүнс” ХХК, “Дархан төмөрлөг” ОНӨУҮГ, “Дархан минж” ХХК, “Вагнер Ази” ХХК, “Номадс” ресторан, УБТЗ, “Дархан” бизнес инкубатор, Төрийн банк, Хаан банк, Хас банк, “Дархан” ХАҮТ, “Шунхлай” ХХК зэрэг байгууллагуудын 50 гаруй залуус идэвхийлэн оролцож, санал бодлоо солилцсон аж.
Цаашид “Маркетингийн цуваа” Эрдэнэт зэрэг газруудаар үргэлжлэхийн дээр тухайн орон нутагтаа цувааг эхлүүлэхээр сонирхож буй байгууллага, хувь хүн 88086325 дугаарын утсаар болон https://www.facebook.com/mongoliannationalmarketingassociat… холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авч, санл хүсэлтээ илэрхийлж болох юм байна.