logo
Эрүүл мэнд, спортын сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэнд, спортын сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

2015/04/16

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, тус яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Оюунцэцэг нар Говьсүмбэр аймагт ажиллаж, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн нэгдсэн төв, Биеийн тамир, спортын газар, Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Тус аймаг бусад аймгуудтай харьцуулахад хүн амын тоогоороо хамгийн бага хэдий боловч, 20,000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээний анхдагч болон хоёрдогч шатлалын үйлчилгээг тогтмол ачаалалтай үзүүлсээр ирсэн байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга З.Мөнхбат салбарын сайддаа ажлаа танилцуулах үеэрээ “Ёс зүй хариуцлага, хяналтыг сайжруулах” жил болгон зарлаж төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Сүүлийн найман жилд эхийн энэдэгдэл гаргаагүй, 0-5 хүртэлх насны хүүхдийн энэдэгдэл бүртгэгдээгүй төрөлт жил бүр өсч байгаа. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх зэрэглдэлд амьсгалын замын тогтолцооны өвчлөл, хоол боловсруулах эрхтэн, шээс бэлгийн тогтолцоо, осол гэмтэл ордог бол, хүн амын нас баралтаар хавдар, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл тэргүүлдэгийг хэллээ.

Тус аймгийн эрүүл мэндийн төвийн барилга нь 1956 онд анх ашиглалтад орсон, одоогоос арав гаруй жилийн өмнө эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хил залгаа орших Төв аймгийн Баянжаргалан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдын хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тэдний өмнө хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь нэгдсэн эмнэлгийг стандартын шаардлага хангасан шинэ барилгатай болгох асуудал гэдгийг салбарын сайддаа учирлаж, байрны асуудлыг шийдээд өгвөл бид бусад асуудлаа дотооддоо шийдээд явах бүрэн боломжтой орчин үеийн техник тоног төхөөрөмжийн хангалт боломжийн хэмжээнд хүрснийг тус төвийн дарга Ч.Батнасан хэлж байлаа.

Г.Шийлэгдамба сайд энэ үеэр шинээр баригдах эмнэлгийн барилгынхаа зураг төслийг боловсруулж ойрын хугацаанд бэлэн болгохыг үүрэг болголоо. Учир нь байрны асуудлыг шийдэхийн тулд цаг алдалгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулж зардлын асуудлыг хөөцөлдөх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбар бол бүх хүнд хамаатай нийгмийн салбар. Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед салбарын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг төсвийн тодотголоор  танасан. Төсөв хүндрэлтэй байна гээд зүгээр гараа хумхиад суулгүй гадаадын зээл тусламж бусад эх үүсвэрийг хайх хэрэгтэй гэсэн юм.

 Тус аймагт зүрх судас, цусны даралтын өвчлөл дээгүүр хувийг эзэлдэг байна. Хүйтэн ус нь хүний биед нөлөөлснөөр арьсны агшилтийг ихэсгэдэг. Арьсны бүх судас нарийсаж агшсаны улмаас зүрхний агшилт олшрон цусны даралт тухайн үедээ ихэсдэг аж. Энэ нь зүрх судасны тогтолцооны цусны эргэлтийг эрчимжүүлэх өвөрмөц дасгал болдогийг Усан спорт сургалтын төвийн багш танилцуулсан юм. Энэхүү төвийн үйл ажиллагааг дэмжих, усан бассейныг ашиглан иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд “Усаар чийрэгжье” өдөрлөгийг зохион байгуулж иргэд ч идэвхтэй оролцож хичээллэгсэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэлээ.

Говьсүмбэр аймгийн усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаагаа нь эрүүл ахуй болон аюулгүй байдлыг бүрэн хангасан усан бассейны үнийн хувьд харьцангуй хямд сургалт, үйлчилгээг иргэддээ давхар үзүүлдэг байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш