“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн хэмжээнд хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг хариуцсан газар юм.
Тус газраас гуравдугаар сарын 25-с дөрөвдүгээр сарын 07-ны хооронд өөрийн хариуцдаг нийтийн эзэмшлийн гудамж замууд болох Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж, Занабазар гудамж, Чингүнжав гудамж, Жамсранжав гудамж, Хасбаатар гудамж, Хоёр хутагтын гудамжны зам дагуу үйл ажиллагаа эрхлэгч ААН байгууллага, иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байлгах, хуваарийн дагуу хог тээвэрлэлтийн машины дуут дохиогоор хогоо ачуулж хэвшүүлэх мөн иргэдэд хог хаягдлын талаар хууль эрхзүйн мэдлэг олгох зорилгоор “Хоггүй дүүрэг-Цэмцгэр Баянгол” аяныг амжилттай хэрэгжүүлсэн байна.
14 хоногийн турш үргэлжилсэн тус аяны хүрээнд Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н гэрээний мэргэжилтнүүд эргүүлд гаран аян хэрэгжиж буй гудамж дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч ААНБ, иргэдэд хог тээвэрлэлтийн машины хуваарийг танилцуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд болон гэрлийн шон дагуу ил задгай хог хаяхгүй байх, зориулалтын асгуурт хаях эсвэл хогны машины дуут дохиогоор ачуулж хэвших талаар мэдээлэл хийн мэдэгдэх хуудас, хог хаягдалтай холбоотой хууль эрхзүйн мэдээлэл бүхий танилцуулах материал, палкат зэргийг тараасан байна. Мөн хог хаягдлаа ил задгай асгах зэргээр хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хууль журам зөрчиж буй ААНБ, иргэдэд хяналт тавьж ажилласан бөгөөд удаа дараагийн зөрчил гаргасан ААН, иргэнийг холбогдох байгууллагад мэдэгдэх, өөрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээллэх зэрэг арга хэмжээг авч ажилласан байна.
Аян эхлэснээс хойш ААН иргэд хог хаягдлаа ил задгай нийтийн эзэмшлийн зам дагуу хог хаях зөрчлүүд эрс багассанаас гадна аж ахуйн нэгжүүд гаднах талбайгаа угааж цэвэрлэж байгаа эерэг үр дүн ажиглагдаж эхэлсэн байна.
Б.Батмөнх