Эрэгтэй хүний төмсөгөнд эр бэлгийн эс боловсорч, түрүү булчирхай ба үрийн цэврүүнээс ялгарсан шүүрэлтэй нийлж үрийн шингэн болдог. Нэг удаагийн бэлгийн харьцааны үед ялгарсан үрийн шингэнд 400-500 сая орчим эр бэлгийн эс байдаг. Эр бэлгийн эс нь өөрийн сүүлний тусламжтайгаар идэвхтэй хөдөлгөөн хийх чадвартай байдаг тул үтрээнээс умайн хүзүү, умайн хөндийгөөр дамжин үр дамжуулах хоолойд 1.5 цагийн дотор очдог. Эмэгтэйн үр дамжуулах хоолойд эр бэлгийн зөвхөн нэг эс, өндгөн эстэй нийлж үр тогтдог.
Үр тогтсон өндгөн эс хуваагдаж эхлэх ба энэ хөгжлийнхөө явцад үр дамжуулах хоолойн өвөрмөц үйл ажиллагааны үр дүнд 5-7 хоногийн хугацаанд умайн хөндийд орж, түүний хөвсийж зузаарсан салст бүрхэвчинд бэхлэгдэнэ. Энэ үедээ 100 гаруй эс болон хуваагдсан байдаг ба хэмжээгээрээ томорсон байдаг.