Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.20/ Оскарын шагналт кино найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Францын кино найруулагч Жан Жак Анно УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, өөрийн бүтээлүүд болон Монголын түүх соёлтой холбоотой уран бүтээлийнхээ талаар танилцууллаа.
УИХ-ын дарга З.Энхболд, найруулагч Жан Жак Анног Монгол Улсад тавтай морилохыг урьж, уулзалтад оролцож буй гишүүдийг танилцуулав. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурал кино урлагтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж буйгаа дуулгаад, кино урлагийн талаар харилцан ярилцав.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, кино найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” киноны уран бүтээлчдийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.