logo
Нийслэлийн иргэдийн хөдөлмөрийн эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр гурван талт хэлэлцээр байгууллаа

Нийслэлийн иргэдийн хөдөлмөрийн эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр гурван талт хэлэлцээр байгууллаа

2015/04/22

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалт, Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 улсын хэлэлцээр болон холбогдох хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны 3 талт хэлэлцээр байгуулах ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн холбооны дарга С.Жаргалсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцлоо.

Энэхүү гурван талт хэлэлцээрийн дагуу нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөн ажиллах, хяналтыг сайжруулах, үр бүтээлтэй хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг хангах чиглэлээр 20 зорилтот ажилд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Тухайлбал хэлэлцээрийн 1.1 дэх заалтад нийслэлд ажлын байрыг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийн зохистой, тогтвортой хүртээмжтэй байнгын 15 мянган шинэ ажлын байр бий болгоход 3 тал хамтран ажиллана гэж тусгасан байна.

Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах үеэр нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Нийслэлийн төсвийн дийлэнхийг иргэдийн хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой, орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлд нийслэлээс олон чиглэлээр анхаарч ажиллаж байна. Үүний илрэл нь өнөөдрийн хамтын ажиллагааны хэлэлцээр болж байна. Гурван талт хэлэлцээрийн дагуу олон ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байгаа” гэдгийг онцлоод нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, ажил олгогч аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш