logo

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2015/04/24

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 16 дахь дугаарын тойм хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус нийтэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа– III” төслийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтлэв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны II дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

Энэ журмаар, төрийн санд нээсэн төсвийн хэрэгжилт, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хангахтай холбоотой төсвийн ерөнхий данс болон бүртгэлийн дансны бэлэн бөгөөд бэлэн бус төлбөр тооцоо болон бусад харилцааг зохицуулсан байна. Төрийн сангийн нэгдсэн дансны төлбөр тооцоог хэрхэн яаж хийх, төсвийн ерөнхий дансны орлого, зарлагыг хэрхэн татан төвлөрүүлэх, Төрийн сан ямар төрлийн данстай байж болох, ямар тохиолдолд Төрийн санд шууд данс нээх зэргээс гадна төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого, зарлага, төлбөр тооцоо, амлалтын бүртгэл, төсвийн байгууллагын гадаад валютын орлого, зарлагын төлбөр тооцоог гүйцэтгэх, архивын баримт, тэмдэг, баталгааны тэмдэг тэдгээрийн хадгалалт, хамгаалалт зэрэг асуудлыг журамлажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Үндсэн хуулийн цэц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын 14 дэх илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.

Энэ илтгэлд, Эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, хүний эрхийн боловсрол, зарим эрхийн хэрэгжилт тухайлбал, төрөлжсөн асрамжийн газар дахь хүний эрхийн зарим асуудал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ ба хүний өмчлөх эрхийн асуудал, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт зэрэг асуудалд анхаарлаа хандуулсан байна. Үүний зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний комисс Монгол Улсын Их Хуралд хүргүүлэх саналаа илтгэлдээ тусгажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш