Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Хуулийн төсөлд талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг тусгажээ.
Уг хуулийн төслийг дагаж гарах Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр газар барьцаалах гэрээгээр талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болж, энэ төрлийн маргааныг шүүх урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болно.