2015 оны Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил энэ сард дуусах гэж байна. Энэ асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлсийн дарга Б.Батболдоос тодрууллаа.
Авто тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын ажил дуусах шатандаа орж байна. Татвар хураах ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан тавар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил хуулиараа тухайн жилийнхээ зургаадугаар сарын 01-ний дотор явагдах ёстой. Энэ жил НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын 143 дугаар захирамжийн дагуу хоёрдугаар сараас эхэлж авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын ажлыг эхлүүлсэн. Одоогоор Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь албан татвараа төлсөн. Тэгэхээр хуулиар тогтоосон хугацаа нь дуусах гэж байгаа учраас татвар хураалтын ажилдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Хуулийн хугацаанд татвараа төлж амжаагүй тохиолдолд дараагийн авах арга хэмжээ юу байна вэ?
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвараа жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага оногдуулж, торгуулийн арга хэмжээ авна.
Татвар хураах оношлогооны цэгүүд бүх дүүргүүд дээр ажиллаж байгаа. Энэ жилийн татвар хураалтын ажил зохион байгуулалтын хувьд ямар онцлогтой байна вэ? Ачаалал хэр байгаа бол?
Урьд жилүүдэд татвар хураалтын үйл ажиллагаа компаничилсан маягаар авдаг байсан. Иймээс бид үйлчилгээ нь иргэдэд дутуу дулимаг хүрэхээс гадна хэт ачаалалтай байна гэж үзээд НИТХ-д санал оруулсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталж, Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн. Тодруулбал, автомашины улсын дугаар :
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөхөөр зохицуулалт гаргасан.
Мөн нийслэлийн Засаг даргын А/143 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу нийслэлийн дүүрэг болгонд гурваас доошгүй оношлогооны цэгүүд байршуулж ажиллуулах үүрэг өгсөн. Дүүргүүдэд энэ оны хоёрдугаар сараас эхлэн нийт 14 байршилд оношлогооны цэг ажиллаж эхэлсэн. Харин таван сард ачаалал ихсэх төлөвтэй байсан учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 21 цэг дээр татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байна гэлээ.
/Жич: Зурган дээр дарж, томруулан үзнэ үү.../