Мөнхбатын Ариунзаяа охин 2014 оны есдүгээр сарын хоёрны өдөр төрсөн бөгөөд одоо долоон сартай. Бяцхан охиныг төрсний дараа 22 хоногтой байхад зүрхний төрөлхийн гажигтай гэдгийг мэдсэн байна. Одоогоор М.Ариунзаяа охин төрөлхийн зүрхний хоёр давхарласан гажигтай, ховдол хоорондын таславчийн цоорхой, хавхалгын дутуу хаагдалттай гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн хяналтад эмчлүүлж байна.
Манай улсад зүрхний гажигтай хүүхдэд мэс засал хийдэг ч 8 килограммаас дээш жинтэй байх ёстой байдаг байна. Харин М.Ариунзаяа охин өвчний улмаас хэдэн сарын турш эрчимт эмчилгээ хийлгэж дөрвөн килограмм жинтэй болсон байна. Тиймээс манай улсад мэс засал хийх боломжгүй гэжээ. Түүнчлэн энэхүү өвчний улмаас охины биеийн дархлаа маш муу тул ханиад хүрэх төдийд хатгалгаа болж улмаар зүрх нь зогсоход хүрдэг байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр III төв эмнэлгийн эмчилгээний комиссоос охиныг зайлшгүй гадаадад эмчлүүлэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан аж.
Эмчлэгч эмчийнхээ зөвлөсний дагуу М.Ариунзаяа охины гэр бүл охиноо Энэтхэг улс руу хагалгаанд явуулахаар болсон бөгөөд эмчилгээний зардалд эхний ээлжинд 30 сая төгрөг зарцуулагдахаар байгаа аж. Охины аав Д.Мөнхбат өмнө нь ажил хийдэг байсан ч хүүхдээ төрснөөс хойш байнга эмнэлгээр явдаг болсон болохоор одоохондоо ажил хийх боломжгүй байгаа бол ээж У.Лхагвасүрэн нь оюутан юм байна.
Охиноо яаралтай хагалгаанд оруулахад шаардагдах 30 сая төгрөгийг шууд төлөх боломжгүй залуу гэр бүлд сайн санаат хүмүүс туслан, хандив цуглуулж байгаа аж. Хандив цуглуулах ажлын хүрээнд “Бяцхан зүрхний төлөө” тоглолтыг зохион байгуулж байгаа гэнэ. Хандивын тоглолт энэ сарын 17-ны өдөр буюу ням гарагт 14:00 цагт UB Palace-ийн концертын их танхимд болох юм.
“Эргээд харахад л зүрх нь зогсчихож магадгүй хүнд байдалд байна, яаралтай хагалгаанд оруулах ёстой гэж эмч нар хэлсэн” хэмээн охины аав ярьж байв. “Ижилхэн өвчтэй олон хүүхдүүд хажууд нь өөд болж байхад миний охин тийм жаахан биедээ баймгүй чадлаар өдий хүртэл тэсээд ирсэн, охиноо заавал эрүүл саруул, сайн хүн болгоно” хэмээн ярих эцэг хүний сэтгэл, түүний цаана эхийнх нь сэтгэл хичнээн хэцүү байгааг төсөөлөхөд ч бэрх.
Эх орны минь олон сайхан гэр бүл элэг бүтэн, бяцхан үрс нь эрүүл саруул аж төрж байхыг хүсч “Бяцхан зүрхний төлөө” сэтгэл гаргаж, туслаарай.
Хандивын данс: Хаан банк 5057368880 Д.Мөнхбат , Төрийн банк 104800713581
Холбоо барих: 94764156, 94608084, 95965696