logo
Хавдрын эсрэг үндэсний аян нээлтээ хийлээ

Хавдрын эсрэг үндэсний аян нээлтээ хийлээ

2015/05/20

2011 онд ХСҮТ санаачлан Хаан банк, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дах жилдээ орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэ жилийн аяны нээлт өнөөдөр Өмнөговь аймагт боллоо. Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд манай аймагт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 23-ныг дуустал ажиллана.

Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд ХСҮТ-ийн хавдрын мэс засал, элэг цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, дуран, хэт авиан оношилгоо, хавдар судлаач, эс судлаач зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 36,700 км замыг туулж Монгол улсын бүх аймагт ажиллахдаа хавдрын оношилгоо эмчилгээний сургалтан давхардсан тоогоор 3,157 эмч мэргэжилтэн, эрүүл аж төрөх чиглэлээр 1363 гаруй сайн дурын идэвхтнүүд 63700 иргэдийг сургалтанд хамруулжээ. Аяны үеэр орон нутагт 319 яаралтай мэс ажилбар хийж эмч мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдуулан сургажээ. Мөн эрсдэлт бүлгийн 68551 хүнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулснаас 10662 /15,5хуввь/ хүнд хавдрын урьтал өвчин, хортой болон хоргүй хавдар илрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Манай улсад 2004 оны байдлаар хорт хавдрын 3381 шинэ тохиолдол, 2669 нас баралт бүртгэгдэж байсан бол 2014 он гэхэд 5483 шинэ тохиолдол, 3536 нас баралт болж өссөн байна. Манай оронд 5 хүн тутмын 1 нь хорт хаврдын улмаас нас барж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Хорт хавдрын нас баралт 77,8 хувьтай байгаа нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой.

Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрэгтэйчүүд болон хөдөөгийн хүн амын дунд нэмэгдэх хандлагатай байна. Дэлхий дахинд төдийгүй манай улсад ч хорт хавдрын өвчлөл өсөх хандлагатай байгаа ч хувь хүн хавдах үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлээс зайлсхийх, архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөний эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төвөвшүүлж чадсанаар хорт хавдар өвчнөөс сэргийлж болно. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь хорт хавдар өвчнийг эрт үед нь оношилж, бүрэн эмчлэх боломжийг бүрдүүлдэг. Хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил бус хувь хүн, хамт олон, нийгмийн бусад салбарын өргөн оролцоотой хэрэгжих нь илүү үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш