Усыг цэвэрлэх гэдэг нь усанд байгаа жигнэгдэгч бодис, органик бодис, эрдэс бодисыг шүүх, тунгаах аргаар тунгалагжуулахыг хэлнэ.
Усыг халдваргүйжүүлэх гэдэг нь усанд байгаа амьтны гаралтай органик бодис, нян, вирусыг халдваргүйжүүлэх бодис хэрэглэх болон физикийн бусад аргуудаар устгахыг хэлдэг.
Хүн амын төвлөрсөн ус хангамжийн сүлжээний усыг хлоржуулах, озонжуулах, ионжуулах туяагаар шарах зэрэг тусгай төхөөрөмж ашиглан халдваргүй болгож байна.
Усыг унд ахуйн зориулалтаар энгийн гар худаг, уурхайн худаг, гол, горхи, нуур, цөөрөм, булаг, шанд, гүний худгаас авч хэрэглэх тохиолдолд халдваргүйжүүлж хэрэглэх шаардлага гардаг. Энэ тохиолдолд энгийн аргаар усыг хэрхэн халдваргүйжүүлэх тухай товч өгүүлье.
Төв суурин газрын хүн амын унд ахуйд хэрэглэж буй гол, горхи, булаг, шанд, энгийн гар худгийн ус нь ихэнх тохиолдолд баталгаагүй, тоноглож тохижуулаагүй, унд ахуйд хэрэглэх улсын бүртгэл, хяналтанд ороогүй байдгыг ус ашиглагч, хэрэглэгч байгуулага, иргэд анхаарах ёстой. Усыг халдваргүйжүүлэхэд хлор агуулсан бодисуудыг ашиглаж байна. Хлор нь усан дахь нян, вирус, органик бодисыг задалж устгах үйлчилгээтэй байдаг.
Ердийн аргаар усыг хлоржуулахад эхлээд хлор агуулсан нэгдлийн идэвхт хлорын агууламжийг мэргэжлийн байгууллагын лабораторт тодорхойлуулах хэрэгтэй. Усыг халдваргүйжүүлэхэд хэрэглэх хлор агуулсан нэгдлийн идэвхит хлорын хэмжээ 25 хувиас доошгүй байх хэрэгтэй.
Харин гар худаг, тохижуулсан булаг шандны усыг тухайн эзэлхүүнд байгаагаар нь халдваргүйжүүлнэ. Гар худаг, тоноглосон худаг, булаг, шандны ус тогтоох хашлаганд байгаа усыг урьдчилан шавхаж цэвэрлэсны дараа хашлагаганы дотор талыг 3-5 хувийн хлорын шохойн уусмалаар угааж зайлж цэвэрлэнэ.
Ер нь шахмал, үрэл хэлбэрээр бэлтгэсэн хлор агуулсан нэгдлүүдийг хэрэглэхэд тохиромжтой байдаг юм. Лаборатороор тодорхойлох боломжтой нөхцөлд халдваргүйжүүлэх усны хлор шингээлт болон үлдэгдэл хлорыг тодорхойлуулж улмаар нийт хэрэгцээт хлорын хэмжээг тогтоодог. Үлдэгдэл хлорын хэмжээ нь 0,3 мг/л-ээс ихгүй байвал тохиромжтой.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд шинээр худаг гаргахдаа худгийн тэнхлэгээс гадагшаа 50 метрийн зайд эрүүл ахуйн бүс тогтоож, худгаа хамгаалах байшин барьж, эрүүл ахуйн бүсийг хамгаалах торон хашаа татаж, цоожтой болгох ба Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, худгийн ус стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай байна.
СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС