logo
Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр бонд гаргах нь зохистой юу

Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр бонд гаргах нь зохистой юу

2011/09/30
Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн болоод ард иргэдийн дундах ярианы сэдэв болоод байгаа энэ асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ. Тэрбээр Засгийн газрын үнэт цаасны суурь хүү олон улсын зах зээлд тогтож амжаагүй энэ үед дөнгөж байгуулагдсан Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр өөрсдөө гаргах нь зохистой юу хэмээн лавлажээ. Мөн дэлхий дээр Засгийн газрын бондоос өмнө үнэт цаас гаргаж, жишиг хүү тогтоож байсан Хөгжлийн байгууллагуудын туршлага бий эсэх,  Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ямар шалгуур, шаардлага тавьж байгааг тодруулжээ.
Засгийн газраас гаргасан баталгаа, Хөгжлийн банкны арилжих бондын төлбөрт богино болон дунд хугацаанд төсвөөс хөрөнгө шаардагдах эсэх, хэрэв төсвөөс гаргахаар тооцсон бол төсвийн төсөлд хэдэн төгрөг тусгасан болохыг лавлаад Хөгжлийн банкны бүртгэл нь Засгийн газрын санхүүгийн бүртгэлд яаж бүртгэгдэх вэ, улсын өрийн тооцоонд хэрхэн тусах вэ, өрийн дарамтын тооцоонд ямар нөлөө үзүүлэхийг тодруулахыг хүссэн байна. Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны өртөг нь ямар байх вэ, бусад төрлийн арга хэрэгслүүдтэй харьцуулахад хамгийн оновчтой хэлбэр байж чадах уу гэсэн зургаан асуулгыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайдад тавиад байна. Асуулгын хариуг шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Ерөнхий сайдаас хүсчээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш