logo
Бидний сэтгэлгээнд агааржуулалт хэрэгтэй болжээ

Бидний сэтгэлгээнд агааржуулалт хэрэгтэй болжээ

2011/09/30
 "Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгvй байх явдал"
 Күнз 
     Монгол Улсыг залуусын орон гэдэг. Тиймээ, хүн амынх нь 35 хувь буюу 950 мянга орчим нь 18-39 насны залуучууд байна. Тэд улс орныхоо эзэн нь байх хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс. Монгол Улсаа хөгжүүлэх хамгийн том хөдөлгөгч хүч нь энэ залуус. Харин тэд ямар шуу байгаа бол? 
     Энэ талаар монголчууд өөр өөр хариулт өгөх нь тодорхой. Тийм ч байх учиртай. Хүн бүр л өөр өөрийн үзэл бодол, мэдэрч байгаа өнцөгөөсөө л харж, нэгийг хэлж, дүгнэлт өгөх бизээ... Харин тэдний цөөнгүй нь бараг 60-70 хувь нь тааруухан үнэлгээ өгөх болов уу? Тиймээ, өнөө үеийн залуусын олонхи ч эцэг эхийнхээ асрамжинд нялхарч, бие даах чадваргүй, авах ёстой мэт өдөр хоногийг аргацаан амьдрах болсныг яалтай.
     Өнөөдөр ямар ч зорилгогүй залуус олширч байгааг манай нийгэмд гарч буй олон сөрөг үр дагаврууд нотлон харуулж байна. Зөвхөн өнөөдрийг харж, ирээдүйн амьдралаа үгүй хийж эд материал, зугаа цэнгэлийг урьтал болгодог сэтгэлгээ залуу үеийнхнийг байлдан дагуулах болов. Хүүхэд залуус компьютер тоглоомд донтож, архи, тамхийг шүтэж хулгай, дээрэм үйлдэх нь нийгмийг цочроох болсоор удаж байгааг нуух аргагүй.
     Үүний буруутан нь хэн бэ? гэж эрэх шаардлага огтхон ч байхгүй. Бид бүгдээрээ буруутан нь, монголчуудын, монгол төрийн сэтгэлгээний гажиг тогтолцооны үр дүнд бид ийм нөхцөл, байдлыг бий болгосон. Мөнгө, эрх мэдлийн төлөөх увайгүй, харалган өрсөлдөөний шуурганд залуу үеийнхэн хэлмэгдсээр байгаа юм. Үүний үр дүн нь улс орны ирээдүйн хөгжлийн хурдыг сааруулж байна. Яагаад залуус сургуульд ирж очиж байгаагаа сурч, боловсорч байгаа мэтээр төсөөлөх болов, яагаад баар, цэнгээний газрыг сонгох болов, яагаад хууль хэрэгжүүлж мэдэхгүй болов!     
     Монгол хүний уудам тал нутаг шигээ задгай сэтгэж чаддаг онцлог давуу чанарыг архи хэмээх зүйл орвонгоор өөрчлөхөөр гэрлийн хурдаар улс орныг минь нөмрөөд байна. Архинд ховсдуулсан монголчууд байлгахыг гадаад талаас ч дэмжиж байгаа, дотоодын мөнгө хүүлэгчид ч хүч хавсарч байгаа. Монголд өнөөдрийн байдлаар 200 гаруй архи, спиртийн үйлдвэр бий. Спирт, архи, шар айраг үйлдвэрлэдэг энэ олон аж ахуйн нэгжүүд жилдээ 50-60 сая литр архийг зах зээлд нийлүүлдэгээс 10 хүрэхгүй хувь нь л экспортоор гардаг. Мөн 20-25 сая литр согтууруулах ундаа хил, гаалиар импортоор орж ирдэг. Энэ бол ил байгаа тоо баримт. Тэгвэл татвараас нуусан олон зуун литр архи, спирт байж л байгаа. Хуурамч спирт, архи нийслэлийн захын хороололуудаас эхлээд хөдөө, орон нутагт өөрийн хэрэглэгчдэд өдөр бүр хүрч, ядмагхан монголчуудынхаа оюун, сэтгэлгээг хордуулсаар л байна.
Хүнлэг бус өнөөгийн манай нийгэмд худалдаж авч болох бүх зүйлийг хуурамчаар хийж, дуурайлгаж байгаа гэвэл хэн ч маргахгүй болов уу. Ийм цөвүүн цаг үед монгол хүн та, өөрөө л бүхнээс түрүүнд алд биеэ хайрлаж, өөрийнхөө эрүүл мэндийг бодох ёстой бус уу?
      Монгол Улсад хот хөдөөгүй бүх шатны салбар, нэгжид аалзны тор мэт сүлэлдсэн авлига хээл хахуулын сүлжээ бий болсон нь бас л бидний оюун, сэтгэлгээний том гажуудлын нэг илэрхийлэл юм. Үүний нэг томоохон бодит жишээ болж, авлигачдыг үлгэрлэн манлайлагч нь Монгол үндэсний бөх гэвэл олон хүн санал нийлэх болов уу. Үндэсний бөхийн дэвжээ, даваа наймаалцдаг зах болсон нь гашуун ч гэсэн үнэн. Залуу бөхчүүд аймаг, улсын наадмаас цол хүртлээ гэдэг. Харин үүнтэй зэрэгцээд тэр бөхөд төдөн төгрөг өгч байж начин боллоо гэсэн яриа гараад ирнэ. Аймгийн начин болоход нэг сая төгрөгийн ханштай гэж байгаа. Улсын начин наадмаар гоёх дээлийнхээ мөнгийг олоод ирсэн нь энэ. Монгол наадмын дүр зураг ийм л байна. Хотол олноороо дээдлэн хүндэтгэдэг бөхчүүдийн энэ шударга бус байдалд хэзээ цэг тавих юм бол...
     Мөнгөний төлөө чөтгөртэй нийлэхээс ч буцахгүй болсон цөөнгүй залуус эрх мэдэл, алба тушаалд шунан дурлаж, нутгархах, жалга довны үзлээр бүрэн зэвсэглэж олгиархиудын сүлжээг өргөтгөх болов. Өнөөдөр энэ сүлжээ нь улс төрийн намуудаа удирдан жолоодоод байна уу гэлтэй.
     Тиймээ, иргэдээ арчаагүй, хүлцэнгүй байлгах бодлого монголчуудаа доромжлон гутаасаар байна. Хөгжлийн тушаа болсон төрийн түшээ эрхэм хүндтэй нэр зүүсэн дүрээ хувилгасан авлигачдаас салахад эрүүл саруул , аливааг эрэлхийлсэн шинэлэг оюун сэтгэлгээ хамгаас чухал байна. Угаас нүүдэлчин сэтгэлгээтэй монголчуудын уужим задгай бодол сэтгэлгээ нь ийм замыг сонгоход хүргэв үү?  Үгүй л болов уу, харин бидний оюун сэтгэлгээндээ цоо шинэ, эрүүл цэвэр агаар оруулах хэрэгтэй болсныг илтгэж байна. Нутгархдаг, жалга довны үзлээс монголчууд минь даруйхан салж зөвхөн Монголын ирээдүйн сайн сайхан хөгжлийн төлөө нэгдэцгээе.    
     Хамгаас хүчтэй аюул дагуулсан сэтгэл зүрхгүй болчихсон өнөөгийн бидний нийгмийн энэ бусармаг сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх нь Монгол Улсын эн тэргүүний зорилт, хэрэгжүүлэх ёстой ажил болоод байна.
                              
      "Хөгжил Монголоос"                                           
"Зорилгоос буцах зам мянга, харин түүн рүү хөтлөх зам ганцхан байдаг"
 Монтень
    Тиймээ, уламжлал нэрийн дор бид хуучинсаг сэтгэлгээгээр амьдрах нь хөгжлийн гарц биш гэдгийг орчин цагийн олон монгол хүн ойлгож шинэ зам, мөр гаргахыг хичээх болсон нь үнэхээр бахархууштай. Хөгжил нь ямагт шинийг хайж, эрэлхийлэхийн зэрэгцээ уламжлалаа улам төгөлдөржүүлэн хадгалж ирсэн байдаг. Хөгжлийн мөн чанар нь энэ зарчим, хэмнэлээс нэг их гажихгүй болов уу.
      Өнөөдөр хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлага нь аливааг хүний сайн сайхны төлөө шинэчлэн сайжруулж боловсронгүй, төгс төгөлдөр болгохыг эрмэлзэж байгаа юм. Монгол Улс, монголчууд ч энэ чиг хандлагыг эрхэмлэсэн оюун сэтгэлгээг хөгжүүлэхийн төлөө байх ёстой. Харин бид өөрийн давуу чанараар өөрөөр сэтгэж, манлайлагч байж яагаад болохгүй гэж. Тухайлбал, технологи, дэд бүтэц, эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орны иргэд гутранги үзэл давамгайлсан байдгийг олон жишээ, баримт нотолдог. Энэ чанар нь тэднийг эрх чөлөөтэй, задгай сэтгэн бодоход нь ямагт чөдөр тушаа болоод байна уу гэлтэй. Тэгвэл монголчууд бид аливааг ямагт өөдрөг сэтгэлээр задгай чөлөөтэй сэтгэж чаддаг. Энэ чанар нь нөгөөх л нүүдэлчин ген, сэтгэлгээнд байгаа хэрэг. Энэ бол бидний хамгийн том давуу тал юм.  Хүсэл тэмүүллээр дүүрэн хүн заавал амжилтанд хүрдэг.
     Монголыг бусад орнуудтай харьцуулсан нэгэн судалгаа биднийг их өөдрөг гэдгийг баталж байна. Энэ бол жаргалтай байдлын судалгаа бөгөөд зорилго нь аль улсын иргэн хамгийн аз жаргалтай болохыг тодруулах байж. Өнөөдөр Монголчуудын амьдрал хэцүү байгаа нь бодит үнэн. Амьжиргааны түвшин харьцангуй доогуур ядуу гэж болно, бас улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй, хүн амьдрах эрүүл орчин, нөхцөл байдал туйлын хангалтгүй шүү дээ. Гэвч Монголчууд уг судалгаанд "Сайхан амьдарна даа", "Жаргалтай болно доо" гэсэн хариулт өгсөн байна. Монгол хүний амирлангүй, хүсч мөрөөддөг сэтгэлгээний хүч энд харагдаж байна. Тэгээд уг судалгаагаар хамгийн аз жаргалтай гэсэн үзүүлэлтийг Монгол Улсын иргэд авсан байна. "Болно доо", "Бүтнэ дээ" гэдэг хэнэггүй монгол хүний зан нь нэг талдаа тухайн хүндээ гэрэл гэгээ, эрч хүчийг авчирдаг юм шиг. Монгол сэтгэлгээний мөн чанар нь энэ байж мэднэ.
     Харин монголчууд бусдаас хол тасарсан сэтгэлгээтэй гэх нь өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ бидэнд бусдын адил сэтгэж, хийж, хэрэгжүүлж чадах чадамж, нөөц боломж байгаа гэдгийг онцлох байна. Тэгэхээр өнөөгийн манай нийгэмд газар авч үсэрхийлж байгаа сэтгэлгээний ядуурлыг бид засч, анагаах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Энэ нь бидний өдөр тутмын амьдралын зүй зохисгүй хэв маяг, буруу дадал зуршилд оршиж байна. Хүн бүхэн тарьсан хогоо хогийн саванд хийдэг, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм журмыг нь баримталдаг, харилцан бие биенээ хүндэтгэдэг гэх мэт наад захын баримтлах ёстой соёл, ухамсарт сэтгэлгээнээс эхлэх ёстой. "Хэнэггүй, хээгүй монгол" гэдэг нэрийн дор нийгмийн ёс зүй, хэм хэмнэлийг алдагдуулж, хөндлөнгөөс бусдын эрх ашигт бүдүүлгээр халдаж байгаа нь бидний хамгийн том алдаа. Энэ зүй зохисгүй, хууль, журам зөрчдөг ялихгүй мэт аяг зан, дадал зуршил нь бидний оюун сэтгэлгээний гажуудалд орсон болохыг илтгэдэг. Энэ бүхэн нь энгийн мэт зүйл боловч хүн байхын утга учрыг хөсөрдүүлж, хүний эрх, эрх чөлөөнд  халдаж байгаа хэрэг. Жижигхэн мэт энэ зүй бус үйлдэл нь улам даамжирч зөвхөн амин хувиа хичээсэн үзэл бодлыг дэврээж , шунал, хүчирхийлэл, эрх мэдлийн төлөөх өчүүхэн сэтгэлгээтэй хүмүүсийг бий болгох үндэс суурийг тавьж байна.
     Хүнлэг ёс суртахууныг төлөвшүүлэх үйл хэргийг боловсрол олгож байгаа бүх шатны байгууллага эн тэргүүний зорилт болгож хэрэгжүүлэх ёстой. Ёс суртахууны хүмүүжил, сэтгэлгээтэй байж олж авсан мэдлэг боловсрол, мэргэжлээ хүний сайн сайхны төлөө хэрэглэх төгс зэвсэг болгож чадна гэдгийг мартаад байх шиг.
     Нүүдэлчин сэтгэлгээтэй монголчууд маань хэзээ суурин соёл иргэншлийн сэтгэлгээтэй болох бол гээд хүлээгээд л байх уу... Нийгмийн хөгжлийн хурд биднийг өөрчилж шинэ үеийн монголчууд төлөвшин бүрэлдэж байна. Сэтгэлгээ ч энэ хурдаар өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор өөрт байгаа давуу байдлаа ашиглан үйлдвэрлэж, тариалж өөрийгөө хангаж яагаад болохгүй гэж? Бас бусдад илүүчилдэг болмоор байна. Харин тэр дутуу байгаа бүхнийг бусдаас авч ашигладаг. Хамтарч бүтээн босгодог, тэгш эрхтэй хамтын ажиллагааг хэнтэй ч хэрэгжүүлж чаддаг болохын төлөө урагшаа. Жалга довны, амин хувиа хичээсэн хязгаарлагдмал үзлийг устгая!!! Эн тэргүүнд биднийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх "Хөгжил Монголоос" гэсэн уриаг дэвшүүлж Монгол Улсын иргэн бүр үүнийг эрхэмлэн дагаж мөрдөж, хэрэгжүүлье.
Д.Өлзийсайхан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш