Үг хэллэгийг гаргахын тулд хүнд нэг ам заяасан ч хаяа хамжиргаатай байхыг сануулж, хоёр уруулыг дагалдуулсан билээ. Тэрхүү хаалгаар “цагаатгах, цаазлах”, “аврах, алах”-ын алин ч гарч мэднэ.
Монголчууд амны билгээр ашдын жаргалыг бүтээж болохыг аль эрт мэдэрсэн учраас ерөөл магтаал, баяр бахдал, сайшаал хүндэтгэл бүхнээ илэрхийлэх үг хэллэгийн баялаг сантай болж, хэрэглээний нандин соёлыг бүтээжээ. “Сайхан нойрсов уу?” гэх нь “Өглөөний мэнд” (“амьд байна уу” гэсэнтэй эн чацуу өгүүлэмж)-ээс илүү хүндэтгэлтэй бөгөөд дэлгэмэл утгатай сонсогдоно. Ийм харилцааны өвөрмөц соёл, үг хэллэгийн хэрэглээгээр дэлхийд алдартай монгол үндэстний ариун ёс журам ч бүрэлдэн тогтжээ. Монголчуудын өдөр тутмын хэвшил заншлаар “Та тавтай зооглоно уу?” (“Би тавтай зооглоё” гэхгүй), “Та таалахсан болов уу” (“Би таалж байна” гэхгүй), “Та болгооно уу” (“Би болгооё” гэхгүй) мэтчилэн хэрэглэдэг үг хэллэгийг харилцааны дээд зэргийн урлаг болон сайн сайхныг билигдэн бүтээж иржээ.
Өгүүлэгчийн буурал ээж дөрвөдийн зуутраг удамтай Базарын Тост айж цочих, сэтгэл дундуураа илэрхийлэх, ач зээгээ зэмлэх үед “Тосоор гоож”, “Заяа нь дэлгэр”, “Насаа нэм”, “Сахиус нь өршөө” гэх нь олонтоо. “Та яагаад буруу, муухай юмыг яах гэж ингэж “сайшаан” хэлдэг байна” гэж лавлахад “Муу юм түргэн газар авдаг. Сайн юм удаж, удаж тогтдог. Буян бодож уншсан түмэн тарнийн ач буяныг ганцхан муухай үг, нэг муу үйлдэл бүрмөсөн арчиж мэдэх хүчирхэг шидтэй. Муу муухайгаас байнга сэрэмжилж байвал зохилтой” гэж сургадагсан.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсан 85 сүүдэр зэрэгцсэн тэр жил үзлийн бузар, үгийн буруу, үйлийн булайг засаж залруулахын чухлыг сануулахдаа “Өндөр Гэндэнжамц гэдэг хүн нэг өдөр манайд ирээд Хүрээгээр ардын нам гэгч бий болоод, түүнд орсон зарим залуучуудын үзэл хүмүүжил гуйваж, лам багш, аав ээжийнхээ үгэнд орохоо больж гэхэд “Ямар амьтад нь нам, сэм нийлээд тийм юм хийдэг байна! Ямар муухай үг хэлчихэв ээ! Алив сүү ууцгаа, арц хүж асаа!” гээд ижий сүйд болсон юмдаг. Энэ бол миний ард түмний гайхамшигт соёл” хэмээн бичжээ.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаяр “Ундааны дээж архи нь болбол ...” гэсэн дууны хөгжим бичээд архинд орсон. “Эрийн сайхан хийморь” гэдэг дуугаа бичээд сархад хэрэглэхээ больсон. Дуу бол тийм эрчим хүчтэй, үг бүхэн нь тарни болчихдог” хэмээн ярьсан байна билээ.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Цэвээндуламын Дашдоржтон “1930-аад оны эхээр Монголд “Цусаар урс”, “Нөжөөр тээглэ” гэдэг муухай хараал түргэн эрчтэй түгэж, тэр үеийн залуучуудын хэлэх дуртай үг болчихов. Түүний бодит биелэл болсон мэтээр 1937 онд олон лам болон төрийн томчуул хэлмэгдэж, 1939 онд Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хязгаарын тулгаралтад олон монгол эрчүүдийн цус урссан даа! Одоогийн залуучууд нэг сүрхий харь үгийг элбэг хэрэглэх болж. Энэ нь “П” үсгээр эхэлсэн орос гаралтай, базаахгүй утгатай үг. Оросууд утгы нь мэддэг учир тэр бүр хэлдэггүй. Монголчууд утга учрыг нь мэддэггүй тул өдөр тутам, өргөн хэрэглэж сагадаг бололтой. Энэ үг мунхагаар дэлгэрснээс хойш монгол хүний ариун ёс журам бүдгэрч, янаг хайрын сэтгэл ээдэж, бэлигийн амьдрал ичих эмээх юмгүй задгайрч, доод эрхтний өвчин газар авч байна бус уу” гэв.
Харь гарагаас ирсэн мэтээр энэ ертөнцийн хүнийг огт үзээгүй, эх эцгээ ч танихгүй, шинээр мэндэлсэн хүн нь анх удаа үнэрлэхүйгээр монгол нутгийн агаараар амьсгалж, амтлуулахуйгаар эхийнхээ ангир уургийг амлаж, сонсохуйгаар бүүвэйн дуу сонордож, үзэхүйгээр цэвэр өнгийг харж, мэдрэхүйгээр хонины арьсан (хөвөн, ноосон даавуун) өлгийд үнэгчилж, яваандаа дотоод хийгээд гадаад мэдээллийн арвин их сантай болдог. Тэд юуны түрүүнд өөрийгөө “уйлахуйн хэллэг”-ээр өлссөн, умдаассан, норсон, бүгчимдсэн, өвдсөн, айсан, цочсоноо олон өнгө гарган илэрхийлж байсан бол удалгүй өгүүлэхүйн эрхтэн (хэл, шүд, уруул г.м) нь эвлээд ирэхийн цагт анхны үгээ хэлж, харилцахуйн эрдмийг эзэмшиж эхэлдэг. Олонх хүүхэд “Ээж ээ!, Аав аа!” гэж элэгсгийн, “Май” гэж өглөгийн, “Над” гэж хүсэхийн, “Бабаа” гэж цэвэр нямбайн, “Агаа”, “Аниа” гэж найрсаг тахимдуун зөн билгийг мэдэрч, хүнлэг ёсны хүмүүжлийг олдог.
Аав ээж нь төрөлх хэлнийхээ “багш” байж, өдөр тутмын харилцаа, үг хэллэг нь “хэл бичгийн хичээл” болж, аман яриа бүхэн нь чихэнд сонсдох урлаг болон бууж, үг хэллэгийн тансагт хүүхэд нь суралцдаг. Гэтэл зарим айлын балчир үрс “пийдаа”, “аюучи” гэж анхны үгээ хэлж, хэлд орох боллоо. (Эхнийх нь нөгөө домогт харь хэлний муухай хараал, дараачийнх нь “ална шүү” гэсэн ёозгүй монгол үгийн “хөрвүүлэг” болай). Хүүхэд үүхэдгүй үздэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, ялангуяа телевизээр “Эхнэрээ зээлдүүлээч”, “Нууц амраг чинь болъё” гэх мэтчлэн үзвэрийн зар тараахад балчир хүүхдүүд ялгаж салгахгүйнээр шууд тусгаж авах нь мэдээж.
Сүүлийн үед төрийн өндөр сэнтийд заларч, түмэн олны хувь заяаг даасан эрхмүүдийн амнас хүртэл сонсвоос цочиж, эргэцүүлбээс жигшмээр үг хэллэг, өгүүлбэр санал гарах нь элбэг болов. Гэтэл их Чингис хаан: “Ухаант мэргэд төрийн тулд үг хэлэлцэж үнэнд хүрмүй. Ухвар мөчдүүд өөрийн тулд үг хэрэлдүүлж, эв эвдмүй” (Чингисийн сургаалын товчоон. УБ. 2006. 417 дэх тал. Дээжлэн бүтээсэн Ц.Нацагдорж) хэмээн сургасансан. Амны билгийг үгээр бүтээж, ашдын сайхныг улам наашлуулж жаргал эдэлнэ гэдэг юутай их гайхамшиг. Түүнийг гадаадаас захиалж авчрахгүй, бусдаас худалдаж зээлж авахгүй. Монгол нутагтаа монгол хүн, монгол айл бүхэнд монгол хэлээр ашдын сайхныг бүтээх бүх боломж бий. Хүмүүн хэмээх сэтгэлийн амьтны оюунт биеийн нэгэн шимт тэжээл болсон үгээр бүтээх ашдын жаргалын жинхэнэ эзэн нь Та, Танай гэр, Та бидний эх нутаг, Төрөлх хэл билээ. Тарни мэт сайхан үг хэллэг ямагт ундарч, ашдын билиг их мөрөн мэт бялхах болтугай.
Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс