Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүнд,
- Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаевын 2015 оны 5 дугаар сарын 26-27-нд Монгол Улсад хийх ажлын айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
- “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
- Онцгой байдлын албаны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.
- Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн ажлын айлчлалын зорилго бүрэн хангагдаж, амжилттай болсон төдийгүй хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо гэж дүгнэлээ. Хамтран ажиллах талаар тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллахыг Батлан хамгаалахын сайдад даалгалаа.
- 2015 оны нэгдүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
- Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүгийн 2015 оны 3 дугаар сарын 17-18-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг танилцуулав.
- Бразил улсын Сан Пауло хотод 2015 оны 8 дугаар сарын 11-16-нд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүний зардлыг Засгийн газрын тусгай сангийн нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрч, тэмцээний бэлтгэлийг хангаж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулан, үр дүнг танилцуулахыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт үүрэг болголоо.
- Б.Болдбаатарыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Б.Энхзаяаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлийн гишүүнээр томилов