Өнгөрсөн ням гарагийн 08.50 цагийн үед Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцад гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем доголдон нийслэлийн хэмжээнд цахилгаан тасарсан билээ. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийнинженер техникийн ажилтнууд гарсан гэмтлийг шуурхай засварлаж Улаанбаатар хотыг хангадаг 110 кВ-ын 16 дэд станц, хуваарилах байгууламжийн ажиллагааг хэвийн болгосноор 09.30 цагт онцгой зэрэглэлийн хэрэглэгчдийн цахилгааныг залгасан. Үүний дараа шаардлагатай ажилбаруудыг шат дараалан авч хэрэгжүүлснээр 18.15 цагт нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийг хэвийн хангаж эхэлсэн бөгөөд гэмтлээс шалтгаалан тэг зогсолт хийгээд байсан Дулааны цахилгаан станц-IY ТӨХК-ийн үйл ажиллагааг 21.00 цагт хэвийн горимд шилжүүлсэн.
Гэмтлийг засварлаж, төвийн бүсийн эрчим хүчний системийн хэвийн ажиллагааг хангахаар Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Дулааны цахилгаан станц -II, II, IY ТӨХК-ууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.
Системийн хэмжээний доголдлоос шалтгаалан амралтын өдрөө цахилгаан эрчим хүчээр их бага хугацаанд хязгаарлагдсан нийт хэрэглэгчдээсээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн зүгээс хүлцэл өчиж байна.