Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, нар үг хэлсэн юм.
Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлсэн үгэндээ “Монгол нутагт төрт ёс үүсэхээс бүр өмнө хүн амьдран сууж, рашаан мэт цэвэр цэнгэг уснаас нь ундаалж байсан гайхамшигт их ус бол Туул гол юм. Мянга мянган жилийн хугацаанд өвөг дээдсийн маань шүтэн биширч, үр өгөөжийг нь хүртэж ирсэн Хатан Туул голын ач холбогдол өнөөдөр бүр ч илүү чухал, бүр ч илүү хүртээмжтэй болсоор байна. Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж, Монголын нийт хүн амын талаас дээш хувь ямар нэгэн байдлаар Туул голоос ундаалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой.
Туулын өгөөжийг хүртэж байдаг бид эргээд энэ гайхамшигт голдоо ямар байдлаар хандаж байгааг харуулсан хамгийн тодорхой баримт бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд гаргасан мэдээллээр дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт Туул гол орсон байна. Улаанбаатар хотоос дээш Уубулан орчим усан дахь биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ агууламж Усны чанарын MNS 4586-98 стандарт дахь хүлцэх агууламжаас бага зэрэг давсан байсан бол хотоос доош буюу Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй ус Туул голд нийлснээс доош 3-514 дахин давж, Сонгинын орчим жилийн 12-оос 4 дүгээр саруудад онцгой их бохирдлын түвшинд хүрчээ. Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, усан дахь ууссан хүчилтөрөгчийн онцгой их бохирдлын түвшинд, мөн усан дахь аммонийн азотын агууламж хүлцэх агууламжаас 1.4-91 дахин, эрдэс фосфорын агууламж хүлцэх агууламжаас 2-18 дахин давж их бохирдлын түвшинд хүрээд байна. Хүн байгалин харилцаа бол авсныхаа хэрээр өгдөг шударга харилцаа байдаг. Шуудхан хэлэхэд Туул голд бид “бохирын цооног” шиг хандаж байгаа учраас бид ч мөн хатан Туулаас тийм хариу авах нь тодорхой юм.
Дэлхийн дулаарал, глобалчлал, аж үйлдвэржилтийн сөрөг тал, иргэдийн соёлгүй байдал, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, барилгын хог гэх мэтийн бохирдлын гол шалтгаан биш зүйлүүд рүү бурууг хаяглахаас илүүтэй Туулын бохирдлын гол гурван шалтгааныг холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл дээр үндэслэж нэрлэе.
Нэгд,Туул голын бохирдлын хамгийн гол шалтгаан нь Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдэн Туул голд хоног тутам цутгаж буй 170 мянгаас190 мянган шоо метр бохир ус юм. 1970-аад оны сүүл үед баригдсан цэвэрлэх байгууламж өнөөдөр технологийн хувьд хоцрогдож, үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй байна. Тэр ч бүү хэл сүүлийн өдрүүдийн мэдээгээр ноцтой гэмтэл гарсны улмаас нэг сая гаруй хүнтэй хотын хэрэглэсэн хэрэглээний усыг цэвэрлэхгүйгээр шууд Туул голд цутгах тухай албаны хүмүүсийн мэдээлэл гарах боллоо. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол Туул гол удахгүй дэлхийн хамгийн том “задгай жорлон” болж хувирах эрсдэл бодитоор үүсээд байна.
Хоёрт, Туул голын голдрил, эрэг дагуу элс хайрга ихээр олборлосноос голын голдирол, татам эвдэрч урсац саринан горим нь өөрчлөгдөж, голын эко систем бүхэлдээ экологийн доройтолд орсон нь хаврын гачиг үед Туул гол тасарч, хуурай сайр болж байгаагийн нэг шалтгаан болж байна. Улаанбаатарт барилгын салбар хөгжиж, хүмүүс орон сууцтай, ажлын байртай байгаа нь сайшаалтай боловч төлөөсийг нь иргэд ундны усаар тасрах,Туул голоороо туг тахиснаар төлж таарахгүй. Барилгын компаниудад Туул голын голдиролоос бэлдсэн элс хайргыг худалдан авахгүй байх, дэмжихгүй байхыг уриалж байна. Монгол хүн ундны цэвэр усаар хангагдсан байх эрхтэй бөгөөд энэ нь хүний заяамал эрх юм.
Гуравт, Туул голтой хамааралтай бодлого, үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын ажлын уялдаа сул, ойлголтын зөрүү их, хариуцлагын систем тодорхой бус хамгийн гол нь нэгдсэн ажлын зураг алга байна. Туул голын бохирдол, түүнийг зүй зохистой ашиглаж хөгжүүлэх, усны нөөцийг хамгаалах талаар Засгийн газар, яам, нийслэлийн түвшинд хангалттай олон хөтөлбөр, шийдвэр, тушаал гарсан боловч хэрэгжилт эсрэгээрээ л байна. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг энэ асуудалд боломжийн шийдэл өгсөн, харилцан ойлголцож, нэгдсэн ажлын зурагтай болоход туслах бодит үр дүнтэй болно гэсэн хүлээлт байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль орчныг сэргээх, мод тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилт хуурайшилттай тэмцэж байгаа иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжинэ” гэж заасан. Төр дангаараа Туул голыг хамгаалах боломжгүй. Төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын цогц ажиллагааны үр дүнд л Туул голыг бид үр дүнтэй хамгаалж, зөв ашиглаж, бохирдлыг шийдэж чадна.
Туул голын шийдлүүд дээр дараах саналуудыг хэлье.
Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих гарц юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламжийг барихад шаардагдах 400-500 тэрбум төгрөгийн санхүүжилтыг нь яаралттай шийдвэрлэх;
Туул голыг тасардаггүй, байнгын экологийн урсацтай байлгах гарц нь нийслэлээс дээш Туул голын эх орчимд олон жилийн урсацын тохируулга хийж, үер, хур борооны ус хуримтлуулах хиймэл нуур, боомт бүхий усан цогцолбор байгуулах асуудал юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд мөн 500 гаруй тэрбум төгрөг шаардагдах учраас энэ санхүүжилтыг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх;
Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий
болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын асуудлыг цогцоор шийдэх, газар
болон усны нөөц ашиглалтад онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчинг бүрдүүлж татварын бүсийг Туул голын сав дагуу бий болгох
Туул голтой холбоотой төр, хувийн хэвшил, иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бүхий, тогтмол уулздаг механизмыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд бий болгох зэрэг санал байна. Хэлэлцүүлэгийн ажилд амжилт хүсье” гэлээ.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд хэлсэн үгэндээ “ Өнөөдөр бидэнд сэтгэл эмзэглүүлсэн маш олон шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаагийн нэг нь яах аргагүй Туул гол, түүний менежментийн асуудал юм. Монгол Улсын Их Хурлаас 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр, 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, 2014 онд Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг баталснаар Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хэмнэх, олон талын оролцоог хангасан менежментийг бүрдүүлэх, ус бохирдуулагч нь хаягдал усаа стандартын дагуу цэвэршүүлэх, дахин ашиглах эрх зүйн орчин бүрдэж, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх том алхам болсон билээ.Усны талаарх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэж байна. Амьдралыг тэтгэх чандмань эрдэнэ болсон усаа хайрлан, гамнахыг нийт ард түмэндээ хандан уриалж байна.” гэлээ.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “ Дэлхийн усны VII форумаас дэлхий нийтээрээ өнөөдөр тогтвортой хөгжлийн нандин цөм бол усны нөөц гэдэгтэй санал нэгдэж усны сайн засаглалыг бүх түвшинд төлөвшүүлж, усны нөөцийг үр ашигтай ашиглахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн аливаа асуудалд байгальд ээлтэй технологи, бодлого нэвтрүүлэхийг чухалчилна гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн XX зуун бол “хар алтны” төлөөх зуун байсан бол XXI зуун “цэнхэр алтны” төлөөх зуун байгаасай гэж тунхаглан дэлхий нийтийг уриалсан.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогыг XXI зууныг “цэнхэр алтны” төлөөх зуун байлгана гэж үзвэл энэ асуудлыг тогтвортой хөгжлийн бодлогынхоо цөмд нь тавьж, хүний эрхийн гол үндсэн асуудал болсон усны хэрэглээг зөв бий болгох, хангах шаардлагатай байна. Ус хамгаалалт, ашиглалт, тэр дундаа Туул голын асуудлаар яам, Засгийн газар, УИХ-ын хүрээнд сүүлийн жилүүдэд хангалттай ярьсан. Бид бүгдээрээ сайн ярьж чаддаг. Харин ямар асуудлыг яаж шийдэх вэ гэхээр ямар үр дагавар байгаа юм, ямар боломж бололцоо бидэнд байна, бид юуг хийж чаддаг юм, юуг хийж чаддаггүй юм бэ гэдэг асуудлаа дүгнэж, цэгнэж өнөөдөр хамтын хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргахаар ярилцаж, санал бодлоо солилцох гэж байгаа нь маш онцлогтой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ асуудлыг зөвхөн нэг яам, нэг хэсэг сэтгэлээ зориулдаг хүмүүс шийдэж чадахгүй байгаа нь олон жилийн яриа, асуудлууд харуулж байгаа. Олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, олон судалгааны материалууд гарсан ч мөн л асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа. Үнэгүй, төлбөргүй юм бүхэн үгүйрч устаж байдаг. Ус бол чандмань эрдэнэ. Иймд маш их үнэтэй, үнэлгээтэй байх ёстой. Усыг хэрэглэсэн хүн бүр хэмнэдэг, гамнадаг байх ёстой, түүнийхээ төлөө татвар төлдөг байх ёстой гэсэн олон зарчмуудыг өнөөдөр хуулийн хүрээнд оногдсон тодорхой заалтуудыг өөрчилж, энэ асуудлыг ярих ёстой гэж үзэж байна” гэлээ.
Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргахаар болов.