Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.
Төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын тохижилт, засвар үйлчилгээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зочид буудлуудад олгох хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Манай улсад 450 гаруй аж ахуйн нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд эдгээрээс 45-ыг нь олон улсын шаардлага хангаж буй. Эдгээр буудалд тохижилт, засвар хийх, зэрэглэл нэмэх зэрэг шаардлага байгаа гэж үзжээ.
АСЕМ-ын уулзалтаар Ази, Европын улсууд улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилт тавьж, эдгээр асуудлаар уулзалт, яриа хэлэлцээ хийдэг. Мөн уулзалтын хүрээнд төр засгийн тэргүүнүүд харилцан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой шийдэлд хүрдэг байна.