logo
Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэнэ

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэнэ

2015/06/03

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тус салбарт үйлдвэрлэлийн осол, өвчлөлийн түвшин өндөр байна. Тухайлбал, 2012-2014 онд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын судалгаагаар нийт ослын 17 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгаагаас осолд өртсөн 222 хүний 57 нь нас барж, 40 хүн тахир дутуу болжээ. Эдгээр ослын дуудлагын 104 нь Налайх дүүргээс ирснээс 31 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээлэл байна. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа ажээ.

Иймд тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжилтийг нь хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Энэхүү конвенц нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож өгдөг бөгөөд төр ажил, олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгдөг. Конвенцийг хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс мэдлэг, мэдээлэл дамжуулах, үндэсний хэмжээнд чадавхийг бэхжүүлэх зэргээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой. Конвенцийг батлах болон хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар нэг төлбөр төлөхгүй, харин конвенцийн хэрэгжилтийг нэгдэн орсны дараах нэг жил, улмаар таван жил тутамд Засгийн газар тайлагнах үүрэг хүлээдэг байна.

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсйн хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенци 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг 30 орчим орон нэгджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш