logo
Жүжигчин Н.Мөнхсоёл:

Жүжигчин Н.Мөнхсоёл: "Жинхэнэ эр хүний дүрд тоглохыг хүсдэг"

2015/06/04

Адал явдалт, уянгын драмын төрлийн “Зангараг” уран сайхны киноны нээлт ирэх зургадугаар сарын 10-нд болох гэж байгаа билээ. Нээлтээ хийх тов нь гарсан даруйдаа үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байгаа тус кино зохиолыг А.Батбаатар бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь давхар ажиллажээ. Монголын кино урлагийн сор жүжигчид нэг дор хуран цугласан гэх энэхүү бүтээлд Монголын кино урлагийн ноён оргил Цэгмидийн Төмөрбаатар хүү Т.Анар ач охин А.Ялгуун, дүү Ц.Төмөрхуягийн хамт оролцон тоглосон нь үзэгчид, кино сонирхогчдын сонирхлыг илүү татаж байгаа юм.

Тэгвэл олны анхаарлыг ихэд татаж буй тус киноны ганц эмэгтэй дүр Энхлэнгийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Мөнхсоёлтой уулзаж ярилцлаа.

- Энэ кинонд, тэр дундаа гол дүрд тоглох урилгыг хэрхэн хүлээж авсан бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү?

- Дөнгөж оюутан болчихоод нэгдүгээр курсдээ "Хориотой загвар" УСК-ны нэг жижигхэн хэсэгт тоглож байхдаа анх найруулагч А.Батбаатар ахтай танилцаж байсан юм. Тэгээд саяхан “Зангараг” УСК-нд тоглох саналыг А.Батбаатар ах гаргасан, харин би кино зохиолоо уншаад их таалагдсан болохоор урилгыг хүлээж авсан.

- "Зангараг" УСК нэрнээсээ эхлээд л олон хүний анхаарлыг татаад байна. Тэгвэл кино зохиолын цорын ганц эмэгтэй дүр болох Энхлэнгийн дүрийг өөрөө бүтээлээ. Анх кино зохиолоо уншиж байхад ямар сэтгэгдэл төрж байв?

- Найруулагч маань энэ кинонд хамтран ажиллах санал тавихдаа эхлээд өөр дүр санал болгож болгож байсан л даа. Гэхдээ зохиолоо уншаад дууссаны дараа "Чи Энхлэнд яг тохирно. Чамайг хараад байсан чинь яг Энхлэн юм байна" гээд Энхлэнгийн дүрийг надад оноосон.

Гэхдээ тэрнээс ч өмнө анх зохиолоо уншиж байхдаа л Энхлэнг ёстой гоё дүр байна даа. Энхлэн л болчих юмсан гээд битүүхэн хүсч байсан. Тоглолт, характер шаардсан дүр байснаас гадна жүжигчин хүнээс их ур чадвар шаардсан дүр байсан.

- Жүжигчин Н.Мөнхсоёлыг "Хөлтрөг", "Фейсбүүк од", "Мөрдөгч" зэрэг олон бүтээлд дүр бүтээснээр нь үзэгчид мэддэг. Ер нь Энхлэнгийн дүр урд нь тоглож байсан дүрүүдээс тань ямар ялгаатай санагдсан бэ?

- Би чинь инээдмийн, аймшгийн, олон ангит уянгын төрлийн кинонуудад тоглож байсан. Ер нь эйкшин төрлийн кинонд бүтээсэн анхны дүр маань энэ. Тэгээд Энхлэнгийн дүр бол зөвхөн нэг чигийг баримталж явах дүр биш, маш олон характер гаргаж явах дүр байсан. Эхлээд луйварчин хүүхэн байж байгаад сүүлд учиг нь тайлагдана.

Нэг бол хэрцгий, шийдэмгий, хүн ч алахаас буцахгүй эмэгтэйн дүрийг гаргаад, нэг бол уян налархай, секси, хэнийг ч уургалаж чадахаар тийм дүрүүд гаргаж байсан болохоор ямар ч дүртэй харьцуулашгүй сэтгэлийн таашаал өгсөн дүр болсон.

- Энэ кинонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар гуай өөрийн том хүү, ач охинтойгоо хамтран тоглосон гэж сонссон?

- Энэ кинонд Ц.Төмөрбаатар ахын том хүү Т.Анар дүр бүтээж, Т.Анар ахын том охин А.Ялгуун миний бас бага насны дүр дээр ажилласан. Кино урлагийн хамгийн том гэр бүлтэй хамтран дүр бүтээнэ гэдэг өөрөө маш нэр хүндтэй, хүндлэл хүлээсэн суралцах зүйл ихтэй байлаа.

Урд нь Ц.Төмөрбаатар ахтай "Улаан дөрвөлжин", "Мөрдөгч" уран сайхны кинонууд дээр хамтран ажиллаж байсан. Харин уг кинонд Ц.Төмөрхуяг ахтай анх удаа хамтран тоголсондоо маш их баяртай байгаа. Учир нь миний хамгийн хүндэлж явдаг жүжигчин бол МУГЖ Ц.Төмөрхуяг.

- Ер нь кино бол Зангараг гэдэг нэрнээсээ авахуулаад л маш өвөрмөц кино байлаа. Тэгвэл чиний хувьд зангараг гэж юу вэ?

- Миний хувьд зөвхөн эрэгтэй хүнд зангараг байдаг гэж бодохгүй байгаа. Эмэгтэй хүнд ч гэсэн зангараг бий. Зөвхөн кинон дээр аваад үзэхэд, ах дүү гурав багадаа салаад, буруу хүний гараар орж, юу ч хийхээс буцахгүй зан авиртай болж эрийн цээнд хүрч байгаа юм.

Гэтэл төрсөн ах нартайгаа эргээд уулзахын цагт ам тангараг, ноён нуруу юу байдаг юм тэр бүхнийгээ гаргаж зангарагтай үйлдэл гаргаж байх жишээтэй.

- Тэгвэл "Зангарагтай эр хүн" гэж таны хувьд хэнийг нэрлэх вэ?

- Миний хувьд зангарагтай эр хүн гэвэл МУГЖ Ц.Төмөрхуяг ахыгаа л нэрлэнэ дээ. Тоглож байгаа дүрээрээ ч, амьдрал дээр байгаа байдлаараа ч зангарагтай эр хүн байж чаддаг.

- Энэ киноны гол дүрд тоглосон цорын ганц эмэгтэй нь мэдээж та. Дан эрчүүдтэй хамтарч дүр бүтээхэд ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

- Манай кино ганцхан эмэгтэй гол дүртэй. Бусад дүрүүд нь дандаа эрчүүдээс бүрдсэн. Гэхдээ манай эрчүүд зангарагтай байсан учраас тулгарах бэрхшээл бараг гараагүй, эсрэгээрээ бүр хөгжилтэй, эрч хүчтэй, санаа зовох зүйлгүй байлаа.

Мөн "Зангараг" УСК-д ажилласан нийт уран бүтээлчид, найруулагч, дууны найруулагчидтайгаа урд нь хамтран ажиллаж байсан учраас кино багийнхан маань энэ уран бүтээл дээр нэгэн гэр бүл шиг элгэмсүү, халуун дотно ажилласан.

- Хөгжилтэй байсан гэснээс зураг авалтын үеэр тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаасаа хуваалцвал?

- Зураг авалтын үеэр Ц.Төмөрбаатар ахыг уургалдаг нэг эссецен байдаг юм. Тэр хэсгийн зураг авалтыг хийхэд маш хэцүү байсан, тэр хэрээрээ маш олон хөгжилтэй явдалтай тулгарсан. Мэдээж Төрийн соёрхолт, Ардын жүжигчин хүнийг үнсээд л урд нь янз бүр болоод л эмэгтэй хүний айлгүй зан төлөвийг гаргахад маш хүндрэлтэй байсан.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш