logo
Интерполоос Саади Каддафиг эрэн сурвалжилж байна

Интерполоос Саади Каддафиг эрэн сурвалжилж байна

2011/10/01
Францын Лион хотод байрладаг Интерполын товчоо Ливийн удирдагч асан Маумар Каддафийн гурав дахь хүү Саади Каддафиг баривчлах шийдвэр гаргажээ. Түүнийг баривчилж, "Үндэсний хөл бөмбөгийн холбооны тэргүүн байхдаа зэвсэг хэрэглэн сүрдүүлэх замаар хууль бусаар хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэж байгаа" Ливийн шинэ эрх баригчдад өгөх ёстой гэж олон улсын цагдаагийн газрын мэдээлэлд дурдсан байна.
    Баривчлах зөвшөөрлийг Интерполын дүрэм журмыг хүлээн зөвшөөрдөг бүх улс, тэдгээрийн дотор, сүүлд  ирсэн мэдээгээр Саади Каддафи бараг нэг сар нуугдаж байгаа Нигер улсад өгчээ. Энэ нь НҮБ-аас Ливийн хууль ёсны цорын ганц засаг захиргаа хэмээн хүлээн зөвшөөрсөн Үндэсний шилжилтийн зөвлөлөөс тавьсан шаардлагын дагуу Интерполоос гаргаж буй анх шийдвэр юм.
    Каддафийн хүүд НҮБ-ын хориг арга хэмжээ ч үйлчлэх ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус байгууллагын гишүүн орнуудад Каддафийн хүүгийн хувийн дансыг хааж, нутаг дэвсгэртээ оруулахгүй байхыг үүрэг болгосон билээ.
    Харин Нигерийн Засгийн газар НҮБ-ын шаардлагыг биелүүлэлгүй есдүгээр сарын эхээр Ливийн өндөр албан тушаал хашдаг 32 хүн, тэдний дотор гурван генералд "хүмүүнлэгийн шалтгаанаар" орогнох эрх олгосон юм.
    Есдүгээр сарын дундуур Нигерийн Хууль зүйн сайд Мару Амаду сэтгүүлчдийн тавьсан, Саадиг Ливийн шинэ эрх баригчдад шилжүүлэн өгөх үү гэсэн асуултад асуултад "үгүй" гэж хариулжээ.

    Мэргэжлийн хөл бөмбөгчин Саади Каддафи 2004 онд эх орондоо эргэн ирсэн бөгөөд хувьсгалын өмнө Ливийн тусгай албаны нэг анги нэгтгэлийг тэргүүлж байсан байна. Тэрбээр байлдааны ажиллагаанд оролцоогүй гэж мэдэгджээ.
    Үүнээс өмнө Олон улсын эрүүгийн шүүхээс Маумар Каддафи, түүний хүү Сейф аль-Ислам, Ливийн тусгай албаны тэргүүн Абдулла аль-Санусси нарыг баривчлах шийдвэр гаргасан билээ.
З.Амгалан
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш