Эрүүл мэнд спортын яам АНУ-ын “Gilead sciences” inc элэгний С вирүсийг эмчлэх совалди болон харвони эмийг хямдралтай үнээр нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Элэгний C вирүсийг эмчлэх олон улсын стандартын шаардлага хангасан энэ эмийг Монголд хямдралтай үнээр буюу 1 сарын хэрэгцээг 400 ам.доллар /3 сарын хэрэгцээ нь 1200 ам.доллар/ -оор нийлүүлэхээр болжээ. Дэлхийн зах зээлд 94000 ам.доллароор худалдаалагддаг энэ эмийг хамгийн хямд үнээр зөвхөн Египет болон Монголд нийлүүлэх болжээ.
Энэ эмийн эрэлт хэрэгцээ тухайн компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс 3-4 дахин их, олон улсын зах зээлд маш өндөр байдаг аж.
Манай улсад элэгний С вирүстэй 150 мянган хүн бий. Харин Египетийн 1 сая хүнд энэ эмийн эмчилгээ шаардлагатай байгаа бөгөөд энэ оронд нийлүүлж байгаатай ижил үнээр энэ эмнүүдийг нийлүүлэхээр болжээ.
Тус компани хямдралтай үнээр нийлүүлэх болсны зэрэгцээ эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзээд богино хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар нийлүүлэх болсон байна.
Дашрамд дурьдахад эрүүл мэндийн сайдын мэдээлснээр эдгээр эм нь 96-98 хувийн эмчилгээний үр дүнд хүрэх боломжтой гэлээ.
Өөр бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэдэг эмийн хувьд нэг сарын үнэ 3000-4000 ам.доллар байдаг бол эдгээр эмийг дангаар нь 400 ам.доллароор хэрэглэх боломжтой гэв.
Эмийг “Gilead sciences”-ийн албан ёсны нийлүүлэгч “Омбол” хэмээх компани нийлүүлэх юм байна.
www.emneleg.mn