logo
Ш.Хаан: Налайхын түүхийг шинээр бичих цаг нь болсон

Ш.Хаан: Налайхын түүхийг шинээр бичих цаг нь болсон

2015/06/10
Их хотын дагуул хотууд зөв чиглэл, зөв бодлоготой явбал түмэн хүний үе удмаараа амьдрах тааламжтай хот болдог. Хэрвээ бодлого төлөвлөлтгүй, эх захгүй холхилдвол эзэнгүйдэж  хоосрох, дампуурах аюултай нүүр тулдаг бэлээхэн жишээ дэлхийн олон оронд бий. Налайхчууд яг энэ сонголтын өмнө зогсч байна. Налайхаа шинэ зууны шинэ хот болгон хөгжүүлье.Энэ асуудлыг сонгогчдынхоо өмнө тавьж байгаа Налайх хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч Шаравхааны Хаантай хийсэн ярилцлагыг хүргэе. 

- Манай Налайх, хот болж захирагчаа сонгох нь гээд бид хирдээ л нэр дэвшигчдээ сонжиж байна. Шаравхааны Хаан гэдэг нэр хүмүүст содон сонсогдоод байгаа? Нэрнийхээ учрыг тайлбарлаж өгөөч.

-Би 1962 онд Налайхад төрсөн. Аав маань надад Чингис гэдэг нэр өгөхөөр Иргэний бүртгэл дээр очиж л дээ. Юун Чингис, үзэл суртлын үед та энэ нэрээ соль гэж. Тэгээд аав маань Хаан гэж нэр өгсөн гэдэг. Аав Ховдын Булганы торгууд ястан, түүхийн олон нугачаан дунд хүнд бэрхийг туулсан торгууд хүн. Монголынхоо үүх түүх, эзэн хааныхаа сүр хүчийг биширдэг, жинхэнэ эх оронч үндэсний үзэлтэй хүн байсан. Сүүлд аав маань,цаг одоо сайхан болж, их хаадынхаа нэрийг үр хүүхэддээ өгөх эрхтэй боллоо доо гээд ярьж байсан нь санаанд буулаа.

- Таны аавыг ярьсных, Налайхчуудын бахархал болсон МУ-ын Гавъяат уурхайчин Шаравхаан гуайн тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Аав ээж, гэр бүлийнхнээ танилцуулна уу

- Миний аав 40-өөд оны эхээр Монголын баруун хязгаараас ахыгаа дагаад Налайх руу ирсэн байгаа юм. Тэр үед их уурхай нээгдээгүй, уурхайн бэлтгэл хар бор ажлыг хийж яваад 1950-аад оны дунд үеэс жинхэнэ уурхайчин болсон гэж ярьдаг. Дараа нь Зөвлөлт Улсад сургуульд сурч, уурхайн механик инженер мэргэжил эзэмшжээ. Тухайн үед  “Ашиглалтын 2 “ гэж их уурхайн хамаг хүнд ажлыг нугалдаг хэсэгт 140 гаруй хүнийг удирдаж ажилладаг байсныг Налайхын ахмадууд дурсан ярьдаг юм. Налайхын уурхайд 43 жил тасралтгүй ажилласан аавын минь хөдөлмөрийг төрөөс үнэлж, Монгол Улсын “Гавъяат уурхайчин” цолыг хүртээсэн. Бид эцэг эхээс долуулаа. Ах, эгч, дүү нар гээд 9 ам бүлийн 6 нь уурхайдаа ажилладаг байсан гэхээр манай гэр бүлийн амьдралын эх ундарга нь Налайхын их уурхай л байсан. Ээж маань Налайхын 1-р арван жилд насаараа орос хэлний багшаар ажилласан,Галина багш гэвэл манай Налайхынхан мэдэх байх.Аав ээж хоёр Орост танилцаад гэр бүл болсон түүхтэй. Эхнэрийг маань Х.Хоролбадам гэдэг. Бид хоёр чинь Налайхын 1-р арван жилийн З.Далай багштай, нэг ангийн хоёр. Манай Хорлоо ангийн дарга, би даргыгаа аваад суучихсан юмаа. Одоо хадам ээжийгээ асраад Налайхдаа сайхан амьдарч байна.

-Налайхын их уурхай үнэхээр л Налайхчуудын амьдралын эх ундарга байсан даа. 

- Налайх бол олон ястны хот. Монголын бүх ястнууд ирж суурьшсан байдаг. 200 метрийн гүнд, нүүрсний уурхайн хүнд хүчир ажлыг гялалзтал хийдэг, монголын чадварлаг орчин цагийн гүний уурхайчид Налайхад л байсан юм. Одоо ч хүний нөөц хангалттай бий. Тухайн үед Налайхын уурхай улсын тусгай хангамж эдэлдэг, Улаанбаатарт масло ховор байхад Налайхын уурхайн гуанз маслотой. 1-р зэргийн хамгийн сайн махыг хэрэглэдэг, тэр байтугай хотоос уурхайн гуанзны сүүлтэй хуурга, цуйванг идэхээр хүмүүс ирдэг байсан. Бид чинь цагтаа цалгиж, цалингаа буухаар жаргаж явсан хүмүүс. Улаанбаатартай харьцуулахад уурхайчид боломжийн сайхан амьдардаг, 2 ээлжээр ажилладаг 2 мянган уурхайчны хот байсан юм. Тосгондоо 2 орос дэлгүүртэй гээд яривал нилээн дээд зиндаа руу явна шүү. Уул уурхай түшиглэн хөгжиж байгаа газарт бүхнийг тэгээс эхэлдэг бол манай Налайхзам тээвэр, нийгмийн дэд бүтцээ шийдчихсэн газар. Их уурхайгаа дагаад эмнэлэг, сургууль, соёлын ордон, аврах анги... ер нь хэрэгтэй бүхнийг байгуулсан төв суурин хэв шинжээ бүрдүүлчихсэн айл. Аливаа хөрөнгө оруулагчдад зардал багатай ажиллах боломж өгөхүйц газар. Налайхчууд бол бүтээн байгуулж, ажиллаж сурсан хүмүүс. Тараг, ундаа, архины шилээ Монголчууд Налайхад хийдэг байсан гэхээр одоо хүмүүс итгэдэггүй юм. Польшуудтай хамтран Монголын анхны шилний үйлдвэрийг Налайхад байгуулж, шилээ дотооддоо үйлдвэрлэчихдэг байсан нь одоо түүх  болжээ.

- Их уурхай хаагдсанаар энэ бүхэн уруудсан даа?

  - Айхтар осол болж, олон хүний амийг авсан. Гол нь уурхайн технологи үнэхээр хуучирч, Оросоос нийлүүлдэг сэлбэг хэрэгсэл тасалдсан. Технологийн хоцрогдол их уурхай хаагдахад голлон нөлөөлсөн. 

- Налайхын уурхайд ажиллаж байсан дээд боловсролтой бүх л сэхээтнүүд Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэт, сүүлд Тавантолгой руу явцгаасан байдаг. Та эндээсээ хөдлөөгүй цөөхөн хүний нэг юм уу даа?

- Орост сурсан хэдэн жилийг эс тооцвол, би Налайхаасаа гаралгүй 53 жил болжээ. Үнэндээ Улаанбаатарт очихоор бачимдаад байдаг юм. Сэтгэлийн амар амгаланг олдог газраасаа холдохыг хэн хүсэх билээ? Аав ээжийн минь амь амьдралаа тээж босгосон төрсөн нутаг минь Налайх. Энд миний жаргал зовлон, баяр гуниг, амьдралын минь бүх түүх бичигдсээр байна.

- Та Налайхаа өөрчилж чадна гэж сэтгэл шулуудсан юм байна. Энэ бодол хаанаас эхтэй бол?

- Шилжилтийн үед аавтайгаа хамт уурхайн ам нээж, 10 гаруй жил ажиллуулсан. Олонтойгоо болоод л явсан. Гэхдээ хэдий болтол ингэж явах вэ гэсэн асуултууд өдөр бүр гарч ирэх болсон. Өглөөхөн, “сайн уу, Хаанаа ахаа?” гээд өнгөрдөг сайхан залуу уурхайд дарагдаад амь насаа алдчихаж байгаа юм. Ард нь бүхэл бүтэн гэр бүл амьдын хагацал үзээд хоцорч байна. Өвөлдөө уурхайгаа ухна, зундаа элс хайрга зөөнө, өдөр аргацаасан энэ амьдрал бол манай Налайхчуудын амьдрал биш. Би 2010 оноос хойш жил бүр нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” олон улсын чуулганд оролцож, нүүрсний гүний уурхайг хөгжүүлэх асуудлыг ихээхэн судалсан. Тэнд хүмүүстэй уулзаж, мэдээлэл солилцдог. Дэлхийн нүүрсний гүний уурхайн технологи асар өндөр түвшинд хөгжиж байна. Зөвхөн бэхэлгээг л гэхэд аливаа осол гарлаа гэхэд өөрөө дөрвөлжилж, агаар бүхий орчин үүсгэх газар доорх байгууламжийн “дөрвөлжин хананы технологи” бий болсон байна. Газрын гүнд нүүрсний ханыг өөрөө хагалж, буталж ачаад, бэхэлгээ хийх орчин үүсгэдэг  техникүүд нэвтэрсэн байна. Баруун Канад, Австралийн нүүрсний гүний уурхайнууд бодит сайн жишээг хэлээд өгнө. Энэ чиглэлийн хөрөнгө оруулагчидтай уулзаж, ярилцаж байлаа. Налайхад хөрөнгө оруулъя, худалдан авах зах зээл нь бэлэн юм байна гэдэг. Өнөөдөр л бид өөрчлөхгүй юм бол Налайх орхигдож, хаягдах гээд байна. Тийм  учраас сэтгэл өвтгөсөн энэ асуудлыг би олон жил судалж байна. Манай Налайхын хэнээс ч асуусан нинжа хэлбэрийн энэ амьдралыг өөрчилж, орчин цагийн уурхайд ажиллахыг хүснэ гэдэгт би итгэж байна. Налайхынхан бид бусдын адил сайхан амьдрах эрхтэй биз дээ?

- Налайх хотын захирагчийн сонгуульд 8 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Ингэнэ гэж хүмүүс төсөөлөөгүй байхаа? 

- Манай Налайхыг гээд улсын нийслэлээс хүртэл ирж, нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа хүмүүсийгби хувьдаа талархалтай хүлээн авч байна. Биднийг гээд ирж байгаа нь сайн хэрэг. Налайхчуудын амьдрал өдрөөс өдөрт доройтож, ядуурал хүрээгээ тэлээд байгаад нэг ч гэсэн хүн анхаарлаа хандуулж байна шүү дээ.  Ажилгүй, тогтмол орлогогүй байхаасаа Налайхчууд залхаж байна. Гэтэл бидэнд том давуу талууд өч төчнөөн бий.

-Тухайлбал? 

- Налайхын уурхайд батлагдсан 50-60 сая тоннын нүүрсний нөөц бий. Нүүрсний уурхайн өрсөлдөх чадварт онцгой нөлөөтэй автозам, төмөр замын дэд бүтэц тавигдсан, бэлэн байна. Шинээр хүн сургах шаардлагагүй, айл бүрээс нэг уурхайчин гарна. Тэдэнд зөвлөөд ажиллах ахмадууд маань эрүүл саруул аж төрж байна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчид хэд хэд бий. Ер нь гүний уурхайн онцлог нь осол гарахад ганц нэг хүн дарагддаггүй, нийтээр аюулд орох эрсдэл байдаг учраас энэ бүхнийг иж бүрэн шийдчих чадалтай, маш сайн хөрөнгө оруулагчтай бид хамтрах ёстой. Хамгийн бодитой, боломжтой эдийн засгийн сууриа болгох нөөц маань их уурхайгаа сэргээн ажиллуулах. Налайхчуудад үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулагчтай бид хамтрах ёстой юм. Мянган хүнийг ажлын байраар хангахад тэдний цаана эдийн засаг хөдөлж эхэлдэг жамтай.  Миний хувьд, уурхайчдын хувцасыг оёдог жижиг дунд үйлдвэрүүд, хоол хүнс, ундаа ус нийлүүлэх ханган нийлүүлэгчид завхөн Налайхынх байна гэсэн хатуу зарчмыг  барина.Ийм бодлогыг чанга, тууштай барихад Налайхын амьдрал дорхноо босоод ирнэ. Хэн нэгэнд найдах бус, өөрт байгаа нөөц боломжоо ашиглаад Налайхчууд бид өөрийн гэсэн эдийн засгийн бүтцээ бий болгох ёстой. Эдийн засгийнхаа үндэс суурийг тавьж чадаагүй цагт шинэ бүтээн байгуулалтын тухай ярих боломжгүй. Мөрөөдлийн загвар өчнөөнийг бид уншсан. Налайхын хувьд асар том хэрэглэгч бүхий улсын нийслэлтэй 28-хан км-ын зайд, авто зам, төмөр замаар холбогдон аж төрж байгаа давуу талаа  ашиглан, газрын баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах алхмыг шийдэх ёстой.

-Та их уурхайд “сайн” хөрөнгө оруулагч сонгох ёстой тухай ярилаа. Тодруулахгүй юу?

- Сайн хөрөнгө оруулагч бол өндөр технологи эзэмшдэг, сайн хөрөнгө оруулагч бол туршлага хуримтлуулсан, хөрөнгө санхүүгийн өндөр чадавхитай байдаг. Тухайн орон нутагтаа ажлын байр бий болгож, уурхайчдаахөдөлмөрийн аюулгүй орчноор бүрэн хангадаг. Тэд татвараа үнэн зөв төлдөг, хамтдаа хөгжиж чаддаг юм. Ийм гадна дотны хөрөнгө оруулагчид Налайхыг сонирхдог. Уулзаж ярилцаж байгаа хөрөнгө оруулагчид  ч бий.

- Налайх хот зөвхөн татаасаар амьдардаг газар уу гэсэн асуулт гарч ирдэг, та юу гэж хариулах вэ?

- Налайх нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөгийн татварын орлого оруулдаг. Гэвч дүүрэг гэдэг утгаараа олсон орлогоо хотын сан хөмрөг рүү хийчихдэг.  Эргээд гурван тэрбум гаруй төгрөгийн татаас авч байна. Бид хотын статустай болчихвол татварын орлогоо өөртөө шингээж хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглах боломжтой. Монгол улс их дээд сургуулиудаа хотоосоо гаргаж, дагуул хотууддаа байршуулна гэж төлөвлөж байгаа. Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, Багануур, Баганхангай, Налайх руу метро тавьж, хотоо тэлэх зураг төсөл ч бий. Том захуудыг Налайх руу нүүлгэнэ гэсэн төлөвлөлт ч байгаа. Улс орны эдийн засгийн байдал сайжрахад Налайх руу ирэх хаялга их. Гэхдээ энэ цаасан дээрх зураг хэрэгжихийг хүлээж суухын оронд өөрөө өөрөөсөө шалтгаалах ажлаа эхлүүлж, нөөц боломжоо ашиглаад явж байх ёстой гэж би үздэг. Хүний гар харалгүй хөгжихүйц байгалийн нөөц бидэнд байна. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тэрэлжийн аялал жуулчлалын цогцолбор ч манайх. Тэгэхээр хурдацтай хөгжих боломж Налайхынханд байгаа биз?

- Дагуул хотын хөгжлийн талаар хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байх. Та их товчоор хэлэхгүй юу?

- Дагуул хот зөв хөгжвөл улсынхаа тэрбумтнуудыг төвлөрүүлж чаддаг. Хэрвээ буруу замаар хөдөлвөл дампуурдаг. Би Налайхчууддаа итгэж байна. Налайхчуудбол ажил хийж сурсан хүмүүс, үүнийгээ ч улс орондоо нотолчихсон. Уурхайчдаа зөв зохион байгуулалтад оруулж, зөв чиглүүлээд явах юм бол Налайх хот улсын жишиг дагуул хот болон хөгжих бүрэн боломжтой. Бид өмнөх үеэ хоосон дурсч, хий санаа алдахын оронд ирээдүй маань ямар байхыг бичиж эхлэх хэрэгтэй байна. Налайхыг Налайхын хүн л хөгжүүлнэ.

Ардчилсан нийгмийн давуу тал хэн нэгнийг харж биш, өөртөө боломж нээдэгт оршдогийг бид эх орондоо жишиг болтол харуулж чадна.

Todaynews.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш