logo
Арлын орныхонд

Арлын орныхонд "адлагдсан" аварга

2015/06/11

Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг уушийн газарт нэгэн залууд гар хүрсэн гэдгээр шалтаглан хүчээр зодог тайлуулсан түүхтэй. Асашёорюүгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад Японы “Юүкан Фүжи” сонинд түүний өмнөх алдаа дутагдал, хэргүүдийг нийтэлсэн нь гал дээр тос нэмсэн явдал болсон юм. Ингээд тус сонины гаргасан "хар жагсаалт"-ыг толилуулъя.

2003 он. V сар

Ёкозүна Асашёорюүгийн аварга цолтой барилдсан хоёр дахь тэмцээн. Энэ башёгийн эхний найман өдөр дараалан ялсан тэрбээр ес дэх өдөр нутаг нэгт Кёкүшюүзанд шилдэж татуулаад унасан. Ялагдсаныхаа дараа Асашёорюү дэвжээний захад суусан шүүгчид рүү “Монои (барилдаан маргаантай болсон үед шүүгчид нягтлан хэлэлцэхийг ингэж хэлдэг) биш үү” гэсэн байртай харж байсан юм. Тэгээд Кёкүшюүзан руу хилэнтэйгээр харж, зөрж өнгөрөхдөө мавашины унжлагаараа ороолгосон.

2003 он. VII сар

Нагоя башёгийн тав дахь өдөр хүч үзсэн Кёкүшюүзаныг үснээс нь татаж өвдөг шороодуулав. Гэвч энэ нь хориотой үйлдэл тул шүүгчид ёкозүна Асашёорюүг ялагдсанд тооцлоо. Хоёр бөх барилдааны дараа халуун усны өрөөнд ам мурийсан гэх бөгөөд ёкозүна Асашёорюү сүмогийн ордноос гарч явахдаа зогсоол дээр байсан Кёкүшюүзаны машины толийг нь хага цохижээ.



2003 он. XII сар

“Такасаго” дэвжээний өмнөх багш, барилдаж байх үедээ комүсүби цол хүртсэн Фүжинишикиг хөдөөлүүлэх ёслолд оролцолгүй Монгол руу явсан нь шуугиан дэгдээж байв.

2004 он. VII сар

Нагоя башёд түрүүлснээр тэрбээр тэр жилийнхээ эхний дөрвөн тэмцээнд дараалан магнайлсан онцгой амжилтыг үзүүлсэн юм. Харин энэ баяраа “Такасаго” дэвжээн дээр тэмдэглэхдээ хэт согтсоноос хүмүүстэй муудалцаж, цагдаагийн машин ирэхэд хүргэсэн гэдэг.

2007 он. VII сар

Нурууны гэмтлийн улмаас тойргийн барилдаанаас чөлөө аван Монгол руугаа буцав. Харин гэмтэлтэй гэсэн аварга Хидэтоши Накатагийн хамтаар хөлбөмбөг тоглож байгаа бичлэг телевизүүдээр цацагдаж, Японы сүмогийн холбооныхныг цочролд оруулав. Тиймээс Сүмогийн холбооны үйл ажиллагаанд оролцохгүйн тулд эмнэлгийн хуурамч магадлагаа хийлгэсэн хэмээн үзэж, хоёр башёд барилдах эрхийг нь хасч, дөрвөн сарын турш цалингийн 30 хувийг нь хасах шийтгэл оноолоо. Гэрийн хорионд байлгах шийтгэлийг нь аваргын биеийн байдлын улмаас цуцласан билээ.

2008 он. V сар

Башёгийн сүүлчийн өдөр Хакүхотой барилдаад ялсныхаа дараа нэмж түлхэн, үүнд нь эгдүүцсэн Хакүхо өндийхдөө Асашёорюүг мөрлөж, үзэгчдийг алмайруулав. Тэгээд дэвжээн дээр ширтэлцэн сүмогийн түүхэнд гарч байгаагүй зүй бус үйлдэл гаргав. Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми тэднийг дуудан уулзаж, хатуу анхааруулга өглөө. Энэхүү тэмцээнд Монголын хоёр аваргын хэн нь ч биш, Болгарын озэки Котоошюү Эзэн хааны цомыг хүртсэн билээ.

2009 он. I сар

Хацү башёгийн сүүлчийн өдөр ёкозүна Хакүхотой нэмэлт барилдаан хийж ялсан даруйдаа баяр хөөрөө илэрхийлэн хоёр гараа өргөн үзэгчидтэй мэндчилсэн. Сүмо бөхөд дэвжээн дээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэлгүй, номхон даруу байхыг номлодог билээ. Тиймээс Японы сүмогийн холбооноос түүнд хатуу анхааруулга өглөө. Гэвч тэр жилийнхээ есдүгээр сарын тэмцээнд мөн л нэмэлт барилдаан хийж түрүүлээд сэтгэл хөдлөлөө тод илэрхийлэв. Маргааш нь ёкозүна Асашёорюү хэвлэлийн хурал зарлаж, хийсэн үйлдлийнхээ төлөө хүлцэл өчсөнөөр ямар нэг шийтгэл хүлээлгүй өнгөрсөн юм.

2009 он. V сар

Нацү башё эхлэхээс хоёр хоногийн өмнө ёкозүна Хакүхогийн хамтаар Монголын есөн сүмочийг Токиогийн ойролцоох гольфийн клубт дагуулан очиж, жижиг тэмцээн хийв. Японы сүмогийн холбооноос башёгийн эхний хоёр өдрийн оноолт гарсан үед эхний өдөр барилдах Какүрюүтай хамт ийнхүү наргиж цэнгэсэн нь мэргэжлийн спортод байж болохгүй зүйл хэмээн үзэж шүүмжлэлтэй хандаж байлаа. Тиймээс Холбооны тэргүүн Мусашигава ояката энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан хоёр ёкозүнад сануулга өгсөн.

Эх сурвалж: Их спорт хуудас

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш