logo
Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль үргэлжилж байна

Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль үргэлжилж байна

2015/06/11
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы  дадлага сургуулийг  энэ өдрүүдэд Гачууртын Туул голд зохион байгуулж байна. Дадлага сургуульд Нийслэлийн Аврах анги, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын 50 шахам албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд   аврагчид завь сэлүүрдэх, залах, завь тогтоох дадлага, завь хөмрөх үеийн  бүлгийн ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа тухай,  усанд осолдож болзошгүй байгаа хүнд аврах цагираг шидэж өгөх дадлага,  урсгал усны эрэн хайх, аврах ажиллагаа явуулах арга техник, усны мотоцикль ажилд бэлтгэх,  усанд жолоодох дадлага, шумбагчийг бэлтгэх,  шумбалт хийх, шумбалтын хэрэгсэлийг бэлтгэх,  урсгал усанд сэлэх зэрэг мэдлэг хуримтлуулж дадлага эзэмшиж байна. Дадлага сургууль 3 хоног үргэлжилнэ.

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас цагдаагийн байгуулагатай хамтарсан завь эргүүлийг  Туул голд 2010 оноос хойш ажиллуулсан. Ингэж Туул голын эрэг дагуу завьт  эргүүл шалгалтыг хийж уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлагын тоо  өмнөх жилд 81 хувиар, усанд осолдсон хүний тоо 64,5 хувиар буурсан эерэг үр дүн, үзүүлэлттэй байна. Энэ жилийн эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын газарт усны ослын 3 дуудлага ирж,  2 цогцсыг уснаас гаргаж, 1 иргэнийг авран хамгаалсан.

Завь эргүүлээр Аврах ангийн албан хаагчид автомашин , завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр 2015 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш