Дулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны зургаадугаар сарын 02-ноос 2015 оны наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байна. Авто зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулж, нийт 786 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.
Авто зам хаагдах үед нийтийн тээврээр хэвийн зорчих эрэлтийг хангахын тулд Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн баруун талд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр орчим нийтийн тээврийн үйлчилгээний 2 түр зогсоол гаргаж тэмдэг тэмдэглэгээг тавьсан. Мөн Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж 3 замын уулзвар болгон хөдөлгөөнийг зохицуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.