Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай /2015.06.13/ танилцлаа. Улсын Их Хурлаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 40 дүгээр тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулагдсан. Хөдөө аж ахуйн биржид одоогийн байдлаар ноос, ноолуур, хонь, тэмээний ноос, завод ноос, тосны ургамал /рапс/, мал зэрэг бараа, түүхий эдийг танхимын арилжаагаар арилжиж, эрх бүхий байгууллагаас зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх авсан 32 брокерын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хөдөө аж ахуйн бирж нь байгуулагдсанаас хойш 1 их наяд 223 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг арилжсан байна. Үүнээс зонхилох бүтээгдэхүүн нь ноолуур байжээ.
Цаашид арилжаанд оролцогч брокерын компани нэмэгдэх хандлагатай байгаа нь бараа түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг худалдан авагч, нийлүүлэгчдэд шударга, нээлттэй, өрсөлдөөнд суурилсан зарчмаар тодорхойлох механизмыг хөгжүүлэхэд чухал түлхэц болно.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2015 онд өөрийн арилжааны болон төлбөр тооцооны системд олон улсын жишигт нийцсэн техник, технологийн шийдлийг нэвтрүүлснээр бараа түүхий эдийн бодит үнэ, ханшийн мэдээг олон нийтэд шуурхай хүргэх, биржийн арилжааг “онлайн” хэлбэрээр зохион байгуулж бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчид өөрийн хөдөлмөр баялгийг зах зээл дээр зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинд төлөвлөх боломжийг бүрдүүлж өгсөн болохыг биржийн захирал Ж.Эрдэнэбат онцолж байлаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан гол зорилго нь түүхий эдийн дамын наймаа хийгдэхгүй, үнийн огцом өөрчлөлт гаргахгүй байх зорилготой. Өнөөдөр энэ зорилгодоо хүрч байна.Түүхий эдийг тэрбум доллар хүргэж зарах боломжийн эхний үе шат нь энэ бирж юм. Тиймээс дараачийнхаа хөдөө, аж ахуйн ажлуудыг хурдан шуурхай хийгээд, түүхий эдийн үнэ ойлгомжтой, дэлхийн зах зээлийн үнийг тусгасан, бодитой арилжаан дээр тогтдог байх нь боловсруулсан бүтээгдэхүүний арилжааг ийм болгоно гэсэн үг. Тиймээс бид боловсруулалтын дараа дараагийн шатуудыг маш хурдан ашиглалтад оруулахыг шаардана гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл болон албаны бусад хүмүүс байлцав.