Улаанбаатарын орчимд барих барилгад 3 давхар шиллэгээтэй цонх суулгасан байх ёстой. Ийм цонх хийхэд зарим талаас хүндрэлтэйгээс гадна, үнэ өндөртэй болох тул зах зээлд өргөн нэвтэрч чадахгүй байна. Гэвч дараах арга хэмжээнүүдийг авсанаар одоо байгаа хуучин цонх, хаалганы дулааны алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой.
Үүнд:
-Цонх, хаалганы завсар зайг сайтар чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг наад зах нь 5-15% бууруулах боломжтой; (цонхны замаскийг силиконоор солих, уян жийргэвч, пролонон тууз наах, цонхны хүрээ болон ханын хоорондох заадсыг полиуретан хөөс, эрдэс хөвөнгөөр дүүргэх гэх мэт.)
-Цонх болон орцны хаалганы гадна талд салхины хаалт, хөшиг хийх, эсвэл гонх буюу тамбур барих
-Давхар хавтастай модон цонхны нээлхий буюу салхивчны хэсгийг бусад хэсгээс бүрэн тусгаарлагдсан байхаар өөрчлөн сайжруулах. Ингэснээр цанталт үүсэхээс зайлсхийнэ.
-Одоо байгаа цонхны дотор талд нэмэлт цонх суулгах.
-Одоо байгаа 2 давхар шиллэгээтэй цонхонд нэмэлт шиллэгээ хийх буюу 3 давхар нэмэх. Хоёр давхар шиллэгээтэй цонхны чигжээсийг ялангуяа дотор талаас нь муу хийвэл түүгээр тасалгааны чийгтэй агаар нэвтэрч гадна талын шилийг цантуулан, улмаар цонхны модон хийцийг норгох аюултай. Чийг авсан мод тэлж, хэв гажилтанд орсноор цонх нээгдэж хаагдах нь хүндрэлтэй болохоос гадна, зай завсар гардгийг анхаараарай. Цонхны гадна талд мөн ус зайлуулах хаялга төмөр заавал хийгээрэй. Хэрэв хуучин цонхыг сайжруулах нь төвөгтэй бөгөөд ихээхэн зардал гарахаар бол цонхоо шинэчлэх хэрэгтэй. Иймээс засах уу, эсвэл шинээр солих уу гэдгийг эхлээд тооцож үз. Шинээр цонх хийхээр бол стандартын шаардлага хангасан, болж өгвөл 3 давхар шиллэгээтэй, сайн чанарын цонх аваарай (дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь R = 0.53 м2°С/Вт –аас багагүй байх шаардлагатай), үүнд мөнгө хэмнэх хэрэггүй. Цонх суулгах ажлыг болж өгвөл мэргэжлийн хүнээр хийлгэх нь зүйтэй.
Цонхны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор өвлийн улиралд ашиглалт багатай өрөөний цонхны дотор талын хавтсанд тунгалаг полиэтилен хальс тогтоож болно. Эсвэл дотор талын хавтсанд шинээр ховил татаж давхар шил суулгана. Ингэхдээ хавтасны хийц, нугас зэрэг нь нэмэлт ачаалал даах эсэхийг шалгаж, шаардлагатай бол нэмэлт бэхэлгээ хийнэ. Эдгээрийг хийснээр шилээр алдах цонхны дулаан алдагдлыг наад зах нь 1/3-ээр багасгах боломжтой.
Цонхны төрөл
-Модон хүрээтэй цонх
Сайн чанарын модоор норм, стандартын дагуу хийсэн модон цонх нь бусад материалаар хийсэн цонхноос эдэлгээ даах чадвар, битүүмжлэлийн хувьд дутахааргүй сайн. Ийм цонх нь дулаан тусгаарлах чадвар сайтай, дулааны тэлэлт бараг үгүй тул хэв гажилтанд орохгүй мөн боловсруулалт хийхэд хөнгөн, хялбар байдаг. Харин тогтмол будаж байхыг шаардана. Европын орнуудад модон цонх үйлдвэрлэхэд зориулалтын тусгай төрлийн мод хэрэглэдэг ба түүнд тавих шаардлагуудыг стандартаар тогтоодог.
-Хуванцар хүрээтэй цонх
Хуванцар хүрээтэй цонхны дулаан тусгаарлах үзүүлэлт нь модон цонхноос дутахааргүй, засвар үйлчилгээ бараг шаардахгүй сайн талтай. Дутагдалтай тал нь өвөл дулааны тэлэлт ихтэй. Ийм төрлийн цонх үйлдвэрлэх, угсрах үед нарийн ажиллагаа шаардана. Хуванцар цонхны хүрээг цохилтонд тэсвэртэй PVC-ээр (хуванцар материал) хийдэг ба дулааны тэлэлтийг хязгаарлахын тулд голдуу цагаан өнгийн профиль хэрэглэдэг. Манайд бол эрс тэс уур амьсгал, хурц наранд тэсвэртэй, сайн чанарын хуванцар профиль, резин жийргэвчтэй цонх авах нь чухал. Энэ талаар үйлдвэрлэгчээс нь лавлаарай. Профилийн ханын зузаан 2.5 – 4мм байдаг. Том цонхны хүрээг бөх бат болгохын тулд дотор нь уртын дагуу эсвэл булангийн хэсэгт хөнгөн цагаан эсвэл цайрдсан профиль төмөр хийнэ. Манай орны нөхцөлд хүрээний дулаан алдалтыг багасгахын тулд дотроо 3-аас доошгүй сувагтай 6см–ээс багагүй зузаантай хуванцар профилээр хийсэн цонхны хүрээ илүү тохиромжтой.
-Хөнгөн цагаан хүрээтэй цонх
Ийм цонхны сайн тал нь бат бэх, эдэлгээний хугацаа урт, засвар үйлчилгээ багатай. Дутагдалтай тал нь хүрээний дулаан алдалт өндөр байдаг. Иймээс манай орны нөхцөлд ашиглах профиль нь хоёроос доошгүй сувагтай байх ба гадна талын сувагт полистирол эсвэл полиуретан хөөс шахсан байх шаардлагатай. Барилгад нэг үе өргөн хэрэглэж байсан голдуу нэг сувагтай хөнгөн цагаан хүрээ нь дулаан тусгаарлалтын хувьд шаардлага хангадаггүй нь илэрхий болсон тул хэрэглээ нь багассан. Дээр дурьдсан гол гурван төрлийн цонхноос сүүлийн үед барилгад хуванцар хүрээтэй цонхыг илүү их хэрэглэх болсон. Ийм цонхны 1м2 талбайн үнэ хийцээсээ хамааран 65-120 ам.доллар байдаг. Хуванцар хүрээтэй цонх нь хуучны нэг маягийн хийцтэй модон цонхыг бодвол битүүмжлэлийн хувьд сайн боловч дулаан тусгаарлалтын хувьд нормын заалтыг бүрэн хангадаггүй. Учир нь ашиглаж буй шилэн багц нь (“вакуум” гэж нэрлэх) дотроо зөвхөн хуурай агаартай байх хамгийн хямд технологоор хийгдсэн. Инертийн хийн дүүргэгчтэй эсвэл “дулаан хамгаалалттай” шилэн багцыг манайд хийдэггүй бөгөөд ийм төрлийн шилэн багц илүү үнэтэй.
Цонхны шилний зузаан 3, 4, 5мм байх бөгөөд 3 мм зузаантайг нь голдуу хэрэглэдэг, гэхдээ салхины ачаалал, дуу чимээ тусгаарлалт зэргийг бодолцвол 4, 5мм зузаантай шил нь илүү сайн. Уламжлалт 2 давхар шилтэй модон цонхны шил хоорондын зай их байх тусам дулаан тусгаарлалт тэр хэмжээгээр их байдаг гэсэн нийтлэг ойлголтын хувьд гэвэл, энэ зай 1-2см байхад хамгийн тохиромжтой ба түүнийг ихэсгэх нь дулаан тусгаарлалтанд төдийлэн нөлөөлдөгүйг туршилтаар тогтоосон байна. Жишээ нь, 1-2см зузаан агаарын үеийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл R = 0.14м2°С/Вт байхад, 2-50см зузаан агаарын үеийнх R = 0.17м2°С/Вт байх жишээтэй. Харин энэ зай их байх тусам цонхны дуу чимээ тусгаарлалт төдий чинээ сайн болдог ажээ.