logo
Хачин юм буюу сүлжээний бизнес

Хачин юм буюу сүлжээний бизнес

2015/06/16
Манай үндэсний нэрт сэтгэгч, соён гэгээрүүлэгч Д.Урианхай багштай ярилцах завшаан олдож, даяаршил хэмээгчийн тухай ямар үзэл хандлагатай явдгийг нь сонирхвол "Эдийн засгийн үүднээс авч үзэхэд даяаршлын мөн чанар нь их гүрнүүдийн эзлэн түрэмгийлэх бодлогын сайтар далдалж хучсан хувилбар. Энэхүү даяаршил гээчийн цаана өндөр хөгжилтэй болж, ихээхэн баялаг хуримтлуулсан улс гүрнүүдийн илүүдэл бүтээгдэхүүнээ борлуулах, өөрсдөд хэрэгцээгүй болж илүүдсэн зүйлээ буурай орнуудад шингээж, ашиг болгон, өөрийн оршин тогтнох орон зайгаа хүчирхэгжүүлэх гэсэн эдийн засгийн бодлого нуугдаж байна. Даяаршил бол одоо гарч ирж буй цоо шинэ зүйл ч биш. Эртний хэлбэр нь түүхийн нэгэн үед байсан боолын нийгмийн үзэгдлүүд. Тухайлбал, боолын худалдаа байна..." хэмээн хариулсан юм.

Тухайн үед энэ хариултын учрыг нэг л сайн ухаж дийлэхгүй байсан маань яваандаа нэрт зохиолчийн хэлсэн орой руу орохоор барахгүй, дурайтал харагдах болов.

Үүний хамгийн тод жишээ гэвэл манайхны хошууран дагах болсон сүлжээний бизнес гээч маш нарийн зохион байгуулалттай эдийн засгийн зэвсэг юм. Энэ айхтар зэвсгийн ажиллах зарчим дотоод зохион байгуулалтыг ажаад байхнээ онилсон байнуудынхаа (хүмүүс) хэн нэгнийх нь гарт, өнөөх зэвсгийг бариулаад бусдыг нь намнуулах замаар эсрэг талаа доройтуулан буулгаж авахтай эгээ адилхан санагдана.

Ийм зарчмаар ажилладаг сүлжээний бизнесүүд манайд нэвтэрч эхлээд хэдхэн жил болж байгаа ч улам идэвхжиж байх юм. Бүүр улсын томоохон байгууллага хүртэл ажиллагсдаа зохион байгуулалтайгаар хамруулах зарцын үүрэг гүйцэтгэн, дагаж далбагнах хандлага бий болчихож.

Тухайлбал, Монгол шуудан компани Орифлем гэгч сүлжээний зуучлан борлуулагчийн үүргийг байгууллагынхаа бүх салбарт зохион байгуулалттайгаар нэвтрүүлэн, нэг ёсны "үнэн зарц" нь болжээ. Дарга цэрэггүй ам уралдуулан түүнийгээ сурталчилж, жилд хэдэн удаа хүн авчирч, суртал ухуулга, сургалт мэдээлэл зохион байгуулахыг хэвшил болгосон жишээтэй.

Ер нь бол дийлэнх нь гоо сайхны болон хүнсний нэмэлт тэжээл, эрүүл мэндийн гэх мэт бараа бүтээгдэхүүний борлуулах замаар явагддаг ч бусад чиглэлийн бүтээгдэхүүнд төдий л нэвтэрдэггүй сонирхууштай. Хувь хүний эдийн засгийн сонирхол дээр дөрөөлж тухайн хүнд чамгүй хэмжээний ашиг хүртээх аргыг чухал болгодог болохоор зарим нь бараг л хар тамхинд донтохтой адил асар шуналтай шаргуу байдлаар татагдан орох ба үүнийхээ хүчээр өөртөө хичнээн ашиг олох тусам улам улангасан тэмүүлж, аль олон хүний тэр эргүүлэг рүү татан оруулахыг хичээнэ. Тэгэх тусмаа өөрийн танил найз нөхөд, ах, дүү төрлөөс эхлээд таньдаг мэддэг бүхэндээ мөнөөх зэвсгийг бариулан өөр нэгнийг намнуулахаар тавина.

Зөвхөн худалдаж авч хэрэглэх ба бусдыг элсүүлээн дагуулах л ажлыг гүйцэтгэх учиртай энэ бизнесийг эрхлэгчид маш нарийн аргаар боломжийн ашиг орлого хүртэвч, эцсийн эцэст тухайн бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэж, шийдвэрлэх арга замыг нь хэрэглэн ажиллаж чадаагүй нөхцөлд аажим аажмаар улс үндэстнийхээ эдийн засгийг доройтуулах аюулыг бий болгодог юм гэдэг.

Үйлдвэрлэгч тал борлуулалтын арга ухаанаа сүрхий нарийн боловсруулан төлөвлөж хүмүүсийг хомроглон татахыг гол зорилго болгодог, тухайлбал эд мөнгөнөөс гадна, борлуулалтын ажилд нь бүх бие сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэсэн болгонд алт, мөнгө, шүр, сувд, арслан, бар, бараг л эзэн тэнгэр гэх нь холгүй, чамин нэртэй цол чимэг өгч, "хошгируулах"-аас гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээ гоёчлон магтах, итгүүлэн үнэмшүүлж "тархи угаах"-даа машид гаргуун. Нэг ёсондоо хэдэн зуун мянган жилийн өмнө байсан боолчлолын зүсээ хувиргасан хэлбэр гэдэг нь батлагдаад байх шиг. Ийм л нэг "хачин үзэгдэл" Монголд үүгээр түүгээр доншуучилж байна. Болгоомжлол байхад илүүдэхгүй болов уу гэсэндээ үүнийг бичлээ.

Г.Төрмөнх /Ховд/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш