logo
УИХ-ын гишүүдийн шаардлага Рио Тинто, Айвенхоу Майнзийн удирдлагыг сандралд оруулав

УИХ-ын гишүүдийн шаардлага Рио Тинто, Айвенхоу Майнзийн удирдлагыг сандралд оруулав

2011/10/01
Рио Тинто, Айвенхоу Майнз компанийн хувьцаа 30-40 хувь хүртэл унасан нь олны анхаарлыг татаж эхэллээ.  УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүд Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг нэн даруй 50 хувьд хүргэхийг шаардаж, Ерөнхий сайддаа тулгалт хийж байгаа хоёр зэрэгцлээ.  Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 76,63 ам. Долларт зарагдаж байсан   Рио Тинто-ийн хувьцаа 51 ам.долларт хүрч унаж байгаа аж.   Монголын талд уг ордын 50 хувийн цэвэр ашиг ногдуулахаар шахалт үзүүлсэн боловч  дэлхийн эдийн засгийн хямралыг тооцоолж, 34 хувийн ногдол ашиг  авахаар  болсон гэж   гэрээг үзэглэсэн  улс төрчид  ярьдаг. Энэ хугацаанд зэсийн өөрийнх  нь өртөг гэрээнд зааснаас хэд дахин өндөр байгаа учраас УИХ-ын гишүүд уг гэрээг эргэн харахыг шаардаж байгаа хэрэг. Гэтэл ийм байдалд  гэрээний асуудал хөндөгдвөл “Рио Тинто” болоод “ Айвенхоу Майнз”-ийн толгой баячуул хүлээж авахгүй гэдгээ зарлаж,  сандралд орж эхэлцгээлээ.  Улаанбаатарт  УИХ-ын гишүүн дуугарахад Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр дэлхийд алдартай акулуудын судсыг барьж байгааг сонсоод бахархмаар ч юм шиг.  Монгол Улс ямар бодлого явуулахаас дэлхийн эдийн засаг хамааралтай болсны илрэл.   Оюутолгойн төслийн гүйцэтгэх захирал  Мак Рей: “ Хэрэв цөөн хэдхэн монголчуудын  дуу хоолойгоор илэрхийлэгдэж байгаа шаардлага нь байгуулагдсан гэрээг өөрчлөхөд хүргэж байгаа  бол энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сүйрүүлэхэд  хүргэх эрсдэлтэй зүйл болж таарна” гэсэн нь   уг гэрээг хэвээр үргэлжүүлэхийг сануулсан хэрэг.  Нөгөө талын өнцгөөс нь харвал Монгол улс аль хэдийнэ колоничлогдчихсон байгааг нотлох  нотолгоо.  Цөөхөн Монголчуудын гэсэн нь бүх ард түмний элч төлөөлөгч бүхий УИХ-ын эрхэм гишүүдийг басамжлан доог тохуу хийсэн ч байж болох утга санаа агуулагджээ. “ Мөн  бидний үйл ажиллагаа явуулж байгаа бүсээс хүдэр ачсан анхны машин гарах хүртэл  долоон тэрбум ам.доллар зарцуулагдана гэдгийг та бүхэн санаарай” гэсэн нь ч  хөрөнгө мөнгөөрөө далайлгасан аястай.  Тэр далайлгаад байгаа мөнгө нь Оюутолгойн ордоор барьцаалж олсон тэдний ашиг байвал яахав.    Дэлхийн талыг хүлэг сайн морьдоороо талхалж явсан Чингисийн үр сад эзэн хааныхаа өвлүүлж үлдээсэн баялгаараа төдий зэргийн хөрөнгө босгож чадахгүй гэж үү. Бид баялгаа харьд  зөөж, эх орноо  цөлмөх  биш баялаг дээрээ хот тосгон сүндэрлүүлэн улсаа улсын дайтай болгож хөгжүүлэх гарц нь ашигт малтмалын цэвэр ашиг ямагт Монгол үндэстний талд ашигтай байх зарчим бидэнд үйлчилсэн цагт биеллээ олно. Харин үүнийг Мак Рей мэтийн харийнхан ойлгох ёстой.  Монгол үндэстэн бусдаас их өөр үндэстэн гэдгийг ухаараагүй л байгаа юм байна.  
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш