Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.16/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгаж, үүнтэй холбоотой Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан болохыг УИХ-ын даргад танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хохирогчийн хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах, хохирол барагдуулах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх, түүний зохион байгуулалт, эрх зүйн үндсийг шинээр тогтоох зорилгоор Хохирлын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан болно.
Түүнчлэн хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг тогтоохдоо өмнөх онд шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хохирол нөхөн төлөхөөр тогтоосон хэмжээг харгалзан тухайн жилд улсын төсвөөс Хохирлын санд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэхээр тусгасан бөгөөд Эрүүгийн, Зөрчлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдтэй уялдуулан боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.