logo
Хуулийн төслүүд өргөн барив

Хуулийн төслүүд өргөн барив

2015/06/16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.16/ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өргөн барив.

Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, хувь хүний итгэл үнэмшил, соёлын үнэт зүйл, халдашгүй байдлыг бэхжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд суртачилах зорилгын хүрээнд дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа аж.

Энэ бүтээлийг эх нутагтаа авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан суртачилахад томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш