logo
Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2015/06/17

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцууллаа. Тэрээр, энэ төслийг анх 2014 оны 10 дугаар сард өргөн барьсан. Төсвийн тухай хууль, Төсвийн тогтворжуулалтын тухай хууль болон даатгалын тухай хуулиудад өөрчлөлт орсон, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс төслийн нэр томъёо, хуулийн хэрэгжих хугацаатай холбоотой саналууд гарсаны дагуу хуулийн төслийг дээрх өөрчлөлтүүдэд нийцүүлэн дахин боловсруулсан болохыг гишүүдэд дуулгасан.

Танилцуулгатай холбогдуулан Ц.Даваасүрэн, Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд хууль санаачлагчаас сонирхсон асуултдаа хариулт авсан. Тухайлбал, Улсын Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, дахин оруулж ирж байгаа хуулийн төсөлд байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан саналуудыг тусгасан эсэхийг лавлаад, санг удирдах байгууллага ямар хэлбэртэй байхаар төлөвлөж байгаа тухай асуув.

Түүний асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Төсвийн байнгын хороогоор санал хураалгах явцад дэмжигдсэн ажлын хэсгийн гаргасан бүх саналуудыг тусгаж хуулийн төслүүдийг боловсруулсан. Санг удирдах бүтэц механизмын хувьд сонгодог компанийн хэлбэрээр буюу бизнес, улс төрийн нөлөөллөөс ангид бие даасан хөрөнгийн компани байхаар тусган оруулж ирсэн хэмээн хариулав.

Ингээд гишүүдийн асуултанд хариулж, хуулийн төсөлтэй холбогдуулан тэдний байр суурийн талаар сонссоны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан дөрвөн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд ямар нэгэн санал гаргаагүй бөгөөд төслийг нэгдсэн хуралдаанд оруулахыг санал нэгтэй дэмжсэн.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд ажлын хэсгээс ямар нэгэн тодруулга аваагүй юм.

Харин Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарын гишүүд, цагаа олоогүй хууль, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед татвар нэмнэ гэдэг буруу бодлого юм. Энэ хууль батлагдсанаар төсөвт хөрөнгө нэмж бүрдүүлэх бус сөргөөр нөлөөлөх вий. ААН-үүдийн орлого багассан, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед татвараар дарамт нэмэх нь буруу гэж үзэж буйгаа илэрхийлж байсан.

Хэдийгээр зарим гишүүд татвар нэмэхийг эсэргүүцэн үг хэлж, Засгийн газрын бодлогын талаар шүүмжилж байсан ч хуралдааны төгсгөлд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш