logo
УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ

УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ

2015/06/17

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авсантай холбогдуулан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, Байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээий тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах мөчид УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авах санал гаргаж, ажлын 5 хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах шалтгаан нь хуулийг эсэргүүцсэн, амьдралд нийцэхгүй байна, хүүхдүүдийг зөвхөн стандартын шаардлага хангасан цэцэрлэгт байрлуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Эмэгтэй гишүүд эхнээс нь энэ хуулийг дэмжиж ажилласан. Тус хуулийг дэмжүүлэхийн тулд ХАХНХ-ын яам, БСШУ-ны яамдтай нягт хамтарч ажиллаж байж дэмжлэг авсан. Гэтэл өнөөдөр санал хураах үед завсарлага авсан учраас эмэгтэй гишүүд бид байнгын хорооны хуралдааныг орхин гарч ирээд байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, БСШУ-ны яамнаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нийт 1750 обьект хэрэгтэй байгаа. Бид үүнийг 5 жилийн дотор барих ямар ч бололцоогүй учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлах ёстой. Гэтэл байнгын хороогоор завсарлага авч байгаа нь энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэж амжихгүй гэсэн үг. Намар дахиад л хүүхдүүд цэцэлэг сургуульгүй болно. Эмэгтэй гишүүд ихээхэн анхаарал хандуулж ажилласаны үр дүнд 2012, 2013, 2014 онуудын хөрөнгө оруулалтын жагсаалтад сургууль, цэцэрлэгийн барилгууд ихээр орсон байгаа. Энэ асуудлыг шийдэх хүртэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэв.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ бол улстөржих сэдэв биш. Амьдралаас урган гарч байгаа асуудал. Хуулийн төслийг батлах нь л чухал байна. Монголын нийгэмд хүүхэдтэй холбоотой гарч байгаа асуудал, сэтгэл эмзэглүүлсэн зүйлүүдийг даван туулах арга зам бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Тиймээс энэ хуулийг гацаах шаардлага байхгүй  гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-ын зарим гишүүд мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хуулийн төслийг гацааж байна. Энэхүү хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхийн төлөө эмэгтэй гишүүд тэмцэхэд бэлэн байна. УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэхгүй бол эмэгтэй гишүүд чуулганы хуралдаанд ч суухгүй хүртэл арга хэмжээ авна гэлээ.

Эмэгтэй гишүүд мэдээллийн төгсгөлд ажлын хэсэгт бүх намын төлөөлөл орсон бөгөөд ажлын хэсгийн бүх гишүүдийн санал энэхүү хуулийн төсөлд туссан болохыг мэдэгдсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш