Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2015.06.16/ 14.00 цаг 25.00 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх байсан ч уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн хугацаатай завсарлага авсан юм.
Ийнхүү МАН-ын бүлэг завсарлага авсан нь нэлээдгүй маргааныг дагуулсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, энэ хуулийн төсөл бодит амьдралаас урган гарсан, олон мянган иргэд, эмэгтэйчүүдийн хүсэн хүлээж байгаа асуудал. Иймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулж болохгүй. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга завсарлага өгнө гэж болохгүй. МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаа юм бол бид энэ асуудлыг хэлэлцтэл дараагийн байнгын хорооны хуралд суухгүй. Баянзүрх дүүрэг гэхэд л 30 гаруй хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах гээд энэ хууль батлагдахыг хүлээгээд сууж байна. Энэ хуулийг хүлээж байгаа хүмүүст юу гэж хэлэх юм бэ. Энэ бол хэн нэгнээс гаргасан хуулийн төсөл биш, ард түмнээс гарсан санал. Ингэж иргэдийн хүсэл, эрмэлзлийг хааж боож болохгүй. Хуулийн төсөл энэ намраас хэрэгжиж эхлэх ёстой. Тийм учраас МАН хамтарсан засгийн газарт байгаа бол үүнийгээ болих хэрэгтэй. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг мөн хүлээж байгаа гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдээд явчихсан. Чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэх шатанд маргаантай асуудлууд гарснаар ажлын хэсэг дахиж хуралдаад байнгын хороо анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан. Иймд байнгын хорооны хурал хуралдааны дэгээ зөрчөөд байна. Шууд чуулганы нэгдсэн хуралдаанд орох асуудал байсан. Есөн сарын нэгэн удахгүй болно. Энэ асуудлыг хойшлуулахгүй хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга Д.Батцогт өгсөн тайлбартаа, Улсын Их Хурлын чуулганаар анхны хэлэлцүүлэг явуулах үед байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийлгэхээр буцаах саналыг гишүүд гаргасан. Ингэснээр ажлын хэсгийг өөрчилж шинэчилж байгуулаад дахиж ажилласан. Хуралдааны дэгийн дагуу аль ч нам, эвслийн бүлэг чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах эрхтэй. Иймд дэгээрээ асуудлыг шийдэх нь зүйтэй гэв.
Үүний дараа Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар танилцуулав.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг амжилттай хэрэгжүүлсэн Америк, Герман, Их Британи, Малайз зэрэг хөгжингүй орнууд болон ОХУ, Казахстан, Украйн зэрэг хөгжиж буй орнууд энэхүү зах зээлийг хөгжүүлэхдээ дотоодын хөрөнгө оруулагчийг бий болгох үүднээс тэтгэврийн сан, даатгалын сан зэрэг салбарыг амжилттай ашиглаж байгаа юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк, санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгалаар бий болох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг бөгөөд зээлийн санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээлгүйгээр хөрөнгийн шинэ эх үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж, улмаар шинээр олгох зээлийн хүүг бууруулж, хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нар асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 80 хувийн саналаар дэмжлээ.
Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм. Эрүүл мэндийн тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Насанбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссын дарга Р.Бурмаа, Нийгмийн халамжийн тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэн нар танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Оюун, С.Дэмбэрэл, А.Тлейхан нар асуулт асууж, тодруулга авлаа. Гишүүдийн зүгээс хуулийн хэрэгжилт тодорхой чиглэлээр урагшилж байгаа ч шийдвэрлэх асуудлууд байгааг хэлсэн юм. Тухайн эмнэлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрснийг оношилдог ч цаашид хаана хандах, хэрхэн эмчилгээ хийлгэх чиглэл өгөгдөхгүй байснаар цаг алддаг тохиолдуулд байгаад анхаарах хэрэгтэй. Мөн хувьсах зардал гурав дахин нэмэгдсэн гэж байгаа ч тэр нь харагдахгүй байгаа. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг сургууль болгоноор явж тоог нь гаргах шаардлагатай. Цаасан дээр болоод байгаа юм шиг харагдаж байгаа ч бодит амьдралд ямар байгаад дүн шинжилгээ хийх, мэргэжлийн багш нарыг бэлтгэх, сургах асуудалд анхаарал хандуулахыг анхааруулав.