logo
Монголын Залуучуудын Холбоо “Харанхуйн гэрэл” номын хандивын аянд нэгдэхийг уриаллаа

Монголын Залуучуудын Холбоо “Харанхуйн гэрэл” номын хандивын аянд нэгдэхийг уриаллаа

2015/06/18

ШШГЕГ-ын харьяа хорих анги, албанд ял эдэлж буй хоригдогсдыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар "Номоор нээе" төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд Наран мөрөөдөл ТББ, Итгэл сэтгэлийн гүүр сантай хамтран 2015.05.16-аас эхлэн 2 сарын хугацаатайгаар “Харанхуйн гэрэл” номын хандивын аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд одоогийн байдлаар 2000 орчим ном цуглараад байгаа бөгөөд уг цугласан номыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа хорих ангиудад хувиарлан хүргэх  юм байна.

Монголын Залуучуудын Холбооны зүгээс “Харанхуйн гэрэл” номын хандивын аянд Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалсан албан бичиг хүргүүлээд байгаа бөгөөд монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагуудыг оролцож, ажилтан тус бүрээс шинэ, хуучин ном цуглуулж дэмжин ажиллахыг хүслээ. 

Ном унших дуртай, түүнд шимтэн дурлагч, хайрлан дээдлэгч хүн бүр номын тавиур, гэрийн чинь хаа нэгтээ тоосонд дарагдан байгаа номнуудаасаа ганцыг ч болов Харанхуйн гэрэл” номын хандивын аянд хандивласнаар номын гэгээг түгээх ариун үйлсэд оролцон, буян номыг түгээх боломжтой юм. Тиймээс Харанхуйн гэрэлд ном хандивлаж гэгээ нэмцгээе. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш