Мэргэжил нэгт нөхөдтэйгөө алсын замд дөрөө нийлэн, ажил, аялал зугаалгыг хослуулж явах сайхан байдаг. Тэр дундаа хилийн дээс алхаж, гадаад улсын хөгжил цэцэглэлтийн сайхныг харж, суралцаж явах бүр ч сайхан. Ийм л нэгэн ажлын айлчлал, аялал зугаалга Өвөрмонголын өөртөө засах орон/ӨМӨЗО/-ны Хэвлэл мэдээллийн албаны урилгын дагуу энэ сарын 18-26-ны хооронд болж өнгөрлөө.
Бидний аялал галт тэргээр эхэлж, Эрээн хотын галт тэрэгний буудлаас долоо хоног гэр шиг минь байсан автобусанд суусан юм. Аяллын хөтөлбөрийн дагуу бидний очиж танилцах эхний газар бол Эрээн хотын Олон улсын дунд сургууль байлаа. Тус сургуульд одоогоор 140 орчим Монгол хүүхэд суралцдаг бөгөөд тэд маань хятад хэлний 6-р дэс/хамгийн өндөр/-ийг төвөггүй эзэмшдэг гэдгийг багш нар нь хэлж байсан юм. Энэ сургуулийн орчин нөхцөлтэй танилцаж явахдаа хүүхдийн сурах орчинг төгс болгон шийдэж байж, тэднээс их зүйлийг шаардах, илүү томыг хүсэх ёстойг ухаарсан. Бүхэл бүтэн хорооллын дайтай газарт сургууль байгуулж, урлаг соёлын болоод биеийн тамирын ордон, суралцагчдын дотуур байрыг тус тусад нь шийдсэн байна. Мөн хичээл нь манай томчуудын хувийн байшин шиг байшин байх аж. Ийнхүү богино хугацаанд тус сургуультай танилцаад Хөх хотын зүг хөдөллөө.
Баяртай сайхан…
Өмнөд хөршид хурдны замаар зорчихдоо 80 километр цаг хурдаас дээш хурдлах хориотой бөгөөд мөн дөрвөн цаг тутамд 20 минут амрах ёстой ажээ. Ийнхүү бид явсаар зургаан цагийн дараа Хөх хотод буулаа. Тэнд биднийг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад суртал ухуулгын газрын дарга н.Баянжаргал болон бусад албаны хүмүүс угтаж авсан юм. Мэдээж биднийг Эрээн хотод тосч авсан Лю Жин, Жан Шин болон “Солонго” мэдээллийн төвийн сурвалжлагч С.Урьхан нар байсан юм.
Аяллын төгсгөлийн хүндэтгэлийн оройн зоогон дээр Лю Жин дарга үг хэлэхдээ “Энэ удаагийн аялалыг би гурван зүйлээр тодорхойлмоор байна. Нэгт баяртай сайхан байна. Хоёрт дахин давтагдашгүй аялал байлаа. Гуравт мартагдахын аргагүй дурсамж үлдээлээ” хэмээн онцолсон нь энэ удаагийн аялалыг хамгийн богиноор гайхалтайгаар дүгнэсэн үг байсан бөгөөд үнэхээр бид бүхэнд сайхан, давтагдашгүй, мартагдашгүй учрал тохиол боллоо. Хөх хотын төв музейгээр зочлоход гүн сэтгэгдэл үлдээсэн нэгэн зүйл бол Хүннү гүрний их хаан Модун Шаньюугийн алтан титэм байсан. 1,9 килограмм бүхий цул алтан тус титэм олдсон булшин дотор “Модун Шаньюугийн онгон болой” гэсэн эртний бичиг байсан тухай тайлбарлагч өвөрмонгол залуу бахархангуй өгүүлж байлаа. Тус музейг байгуулахын тулд Дундас улсаас 2 тэрбум юанийн хөрөнгө гаргасан гэх бөгөөд тайлбарлагч залуу “Монголчууд бид өөрсдийнхөө түүхийг зөвхөн эх хэл дээрээ үзэж судлах бус дэлхийн бусад орны хэл дээрээс үзэж, нягталж байж, өөр бусад улс орны иргэдэд тухайн хэлээр нь дамжуулан ойлгуулах нь түүхийг үнэн зөв хадгалан авч үлдэхэд оршино” хэмээн хэлсэн нь өнөөгийн бидэнд нэгийг ойлгуулна.
Мөн аялалын явцад Ордос хотод байрлах Чингис хааны онгоныг үзэж сонирхсон нь үнэхээр сайхан явдал болсон юм. Тус онгон байгуулсан газраар их хаан өнгөрч явахдаа алтан ташуураа унагасан бөгөөд жанжид нь авч өгөх гэсэн ч хориглосон байна. Мөн их хаан тэнгэрт хальсаны дараа алтан шарилыг нь нутаг руу нь авч явах үед шарил ачсан тэрэг нь шаварт суусан тухай нь Монголын нууц товчоо дээр тодорхой дүрслэн үлдээсэн байна. Тийм ч учраас тухайн газарт 1266 онд Хубилай хаан дээдсээ тахих зорилгоор тахилгын газар байгуулж байжээ. Гэсэн хэдий ч түүхийн шаргал хуудсан дунд энэхүү тахилгын газар устаж үгүй болохын даваан дээр тулаад байсан ч дархад удмын хүмүүс/онгоныг хамгаалах үүрэг бүхий хүмүүс/ өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хадгалан үлдээж чаджээ. Харин 1954 онд ӨМӨЗО-ны анхны дарга н.Улаанхүү энэ газрыг дахин сэргээн байгуулжээ. Боорчи, Мухулайн удмын 30 гаруй өрх одоогийн байдлаар тус онгоныг сахин хамгаалж, тусгай тахилга тайллагын зан үйлийг хийдэг байна. Мөн өнөөгийн манай удирдлагууд үлгэр дуурайл авч, ажил хэрэг болгомоор нэг зүйл бол тус онгоны эргэн тойрон 80 километр газарт ямар нэгэн уул уурхайн байгууламж байгуулахыг хориглосон байдаг аж.
Дахин давтагдашгүй…
Хөх хотоос бид бүхэн Бугат хотыг зорилоо. Бугат хот бол тус улсын хүнд машин механизм болон аж үйлдвэр ихээр хөгжсөн хот юм. Тус хот бол Түмэдийн Алтан хааны үеийн суурин бөгөөд Алтан хааны хатны дурсгалын хийд өнөөг хүртэл байдаг. Тус хот нь Хот төлөвлөлтийн тусгай газартай бөгөөд жижиг суурин байж байгаад 1923 онд анхны галт тэрэгний буудалтай болсноор 1926 оноос хот шинжтэй болж эхэлжээ. Улмаар 1948 оноос албан ёсоор хот болон өргөжижээ. 1955 онд анх Зөвлөлтийн эрдэмтэн хот төлөвлөлтийн зургийг нь зурж өгч байсан Бугат хотоос дэлхийн улс орон хот төлөвлөлтийг хэрхэн хийдэг, хотыг чухам яаж байгуулдагийг жинхэнэ утгаар нь харж болно.
Дүнхээ буюу хамгийн анхны дүүргээ яг тэр чигээр нь хадгалан үлдэж, Хөндлөн голынхоо хоёр талаар хотоо байгуулж, тэнгэр баганадсан барилгаас гадна иргэдийнхээ ая тухтай байдлыг хангах ногоон байгууламжийг ч байгуулсан байх. Бугат хотын сул талбайн 80 гаруй хувь нь ногоон байгууламжтай болсон гэдгийг албаны хүн энэ үеэр онцолж байсан. Бугат хотын нэг хүнд ногдох орлого 33485 юань гэхээр тус хотын хөгжил, иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Бугат хотын хүнд машин механизмын үйлдвэр 1988 онд анх байгуулагдсан бөгөөд 2000 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхэлжээ. Тус үйлдвэрийн машин механизмаар 2008 оны Олимпийн билэг тэмдэг болсон Шувууны үүр цэнгэлдэхийг барьсан байна. Хамгийн том нь 365 тоннын даацтай бөгөөд дэлхийн 52 улсад худалдаалдаг аж. Манай улсад ч гэсэн бүтээгдэхүүнээ борлуулж байгаад саяханаас больжээ. Учир нь хэзээ дуусах нь үл мэдэгдэх дарга нарын тэмцэлээс болж уул уурхай зогссонтой л холбоотой.
Мартахын аргагүй…
Арын цагаан дэрсэндээ
Аргалаа түүж явлаа даа
Алс холд явахад
Асралт ээж минь сайн суугаарай
Энгэрийн цагаан дэрсэнд
Ишгээ хариулж явлаа даа
Энгүй холд явахад
Энхрий ээж минь сайн суугаарай хэмээн уянгалуулан дуулах нь хадамд гарч буй Ордос бүсгүйн дуу бөлгөө. Ордос нутгийнхан хуримлах зан үйлээ урлагийн тоглолт болгон өргөжүүлж их хааны онгоныг үзэхээр ирсэн гадаад дотоодын жуулчдад үзүүлэн сонирхуулдаг аж. Бидний бодож сэтгээгүйг өвөрлөгч ахан дүүс маань сэтгэж ардын зан заншил ёс уламжлалаа хадгалан авч үлдэхийн хажуугаар улс орондоо хөрөнгө оруулалт хийж чадаж байгаагийн ганцхан жишээ бол энэхүү ордос хурим юм.
Ордос хотыг уг нь Цагааннуур гэдэг байсан ч 2001 оноос Ордос хэмээн өөрчилжээ. Дээхнэ үедээ элсэрхэг тал, түүний дундуур жижигхэн гол урсдаг байсан гэх боловч өнөөдөр хаашаа л харна битүү ногоон ой хөвч хараа булаана. Тус хотод Чингис хааны амьдралын түүхийг харуулсан хөшөө бүхий талбай, Эр хоёр загалын талбай, Монгол шатрын талбай гээд амралт чөлөөт цагаа өнгөрөөх зүйлс ихтэй бөгөөд 31 цэцэрлэгт хүрээлэнтэй аж. Сайханы тал хэмээх өргөн талыг тэр чигт нь цэцэрлэгт хүрээлэн болгож, хайрын цэцэг лавандараар чимэглэсэн нь хэн бүхний харааг булаана.
Мөн энэ хотод дээр дурдсан жижиг голыг өргөтгөн байгуулсан мөрөн байх бөгөөд том том усан онгоцууд зөрөлдөж, моторт завьтай залуус сүлжилдэх нь гайхалтай. Энэ л их бүтээн байгуулалтын хамгийн гоёмсог, бид бүхэнд хэзээ ч мартагдашгүй нь хөгжмийн хэмнэлээр оргилогч 800 метр усан оргилуур. Өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн тус оргилуурыг 20:00-21:00 цагийн хооронд л ажиллуулдаг бөгөөд энэ л үед хүүхэд хөгшдөө дагуулсан хүмүүс, хос залуус гээд Бугат хотын хүн амын дийлэнх нь энд цуглаж өдрийн алжаал ядаргаагаа тайлах нь атаархмаар.
…Сэтгэл, зүтгэл байвал юуг ч бүтээж, бий болгож, ирээдүйгээ сайхнаар харах боломжийг үр хойчдоо өгч, сэтгэл амар амьдрахын сайхныг хөгшид буурлууддаа мэдрүүлж болдгийг ӨМӨЗО-ны өнөөгийн хөгжил цэцэглэлтээс харж болно. Муу л юм болбол өвөрлөгч ахан дүүсээ гоочилж байдаг бидний энэ цаг үед тэд маань дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээж, Хятад гэдэг их гүрний дунд өөрийн ёс заншил, соёлоо хадгалан авч үлдэх гэж ямар их хүсэж, түүндээ хүрч байгааг бид бүхэн ойлгосон. Та бүхэн ч гэсэн энэхүү жижиг бичвэрээс маань тийм ойлголт авна гэдэгт итгэж байна.
Т.АЮУ