logo
Манай уул уурхайн аврагчид хурд, хүчээ сорилоо

Манай уул уурхайн аврагчид хурд, хүчээ сорилоо

2011/10/04
Уул уурхай хөгжихийн хэрээр болзошгүй аюулаас сэргийлэх аврах ажиллагааны багийн чадвар уурхай бүрт сайжирч, жигд хөгжиж байна гэж хэлж болохоор байна. Өнгөрсөн пүрэв гарагт “Бороо голд” компанийн уурхайн талбайд явагдсан уул уурхайн аврах ажиллагааны тэмцээний үр дүн үүнийг нотолсон. Уурхайчдын хурд хүч, тэсвэр хатуужлыг сорих мэт хүйтэн, манантай зэврүүн өдөр байв. Багууд хөгжөөн дэмжигчид, тэмцээний талбарт хүрэлцэн ирсэн байлаа. Энэхүү арга хэмжээ Уул уурхайн алба үүсч хөгжсний 60 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог байв. Уул уурхайд осол аваар болж хүний амь эрсдэхэд уул уурхайн аврах албны аврагчид бүхнээс түрүүн очсон байдаг. Харин уул уурхайн компани олон болох тусам тэдний хариуцлага улам нэмэгдэж уурхайг түшиглэсэн сайн дурын аврах багууд байгуулагдсаар байна. Уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчив “Тэд мэргэжлийн багуудтай энэ зэрэгцэхүйц хэмжээнд өрсөлдөж байгаагаас харахад тухайн уурхайд болзошгүй осол аваар гарсан тохиолдолд мэргэжлийн аврагчид очихоос өмнө анхан шатны тусламжыг үзүүлж чадах хэмжээнд очсон гэж дүгнэж болно. Энэ бол аврах салбарын хөгжиж буйн нэг илрэл юм” гэж онцолсон. “Бороо голд”-ын уурхай санаачлан 2005 оноос жил бүр энэхүү тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн байна. Энэ жилийн аврах ажиллагааны тэмцээнд арван байгууллага оролцож хурд хүч, авхаалж самбаагаа минут, секундтэй өрсөж  сорьсон. “Бороо голд” компанийн уурхайд анх 12 хүнтэй аврах ажиллагааны сайн дурын баг ажиллаж эхэлжээ. Үйл ажиллагаагаа өргөтгөх, туршлага солилцох зорилгоор анхны  тэмцээнийг хийснээс хойш зургаа дахь жилдээ золгож байгаа ажээ. Өмнөх тэмцээнүүдэд Уул уурхайн аврах баг, Онцгой байдлын аврах алба, “Бороо голд” зэрэг 3-4 байгууллага оролцдог байжээ. Харин энэ жилийн тэмцээнд “Энержи Ресурс”, “Бор-Өндөр”, “SGS”, “Оюутолгой”, Киргиз улсын “КУМТОР” уурхайн аврах баг, Монгол Улсын аврах баг, манай шилдэг баг зэрэг арван баг оролцож буй нь тэмцээний ач холбогдлыг нэмэгдүүлж байна гэж  Уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчив онцолсон. Тэмцээнд багууд өрсөлдөхдөө гол биш аврах үйл ажиллагааны арга ажиллагаанд суралцах, туршлага солилцох, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой гэж “ Бороо голд” компанийн Аюулгүй ажиллагаа хариуцсан дарга Г.Одбаяр тэмцээний нээлтэнд үеэр хэлсэн. Монгол Улсын уул уурхайн салбарыг бүсчилж хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Мөн төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж. Монгол Улсдаа ганцхан мэргэжлийн Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн аврах алба гэхэд ганцхан фургонтай. Тиймээс аврах албаны техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах зэрэг нэн чухал ажээ. Нөгөө талаар осол аваар гарсан газар шинжээч томилох асуудал яригдаж байгаа ажээ. Энэ тухай АМГ-ын Экологи, геологийн мэргэжилтэн н.Элбэгзаяа ярьсан.Хүний амь аврах, анхан шатны тусламж үзүүлэх тэмцээн гурван үйл явдал дээр өрнөсөн. Нэгдүгээр үзэгдэл нь химийн хорт бодис ачиж явсан машин, өөр нэг машинтай мөргөлдөж хоёр хүн хүнд гэмтсэн. Мөн химийн хорт бодис асгарсан байлаа. Багууд хамгийн хурдан хугацаанд хүнд гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж улмаар химийн хорт бодисыг аюулгүйгээр арилгах явдал байв. Хоёрдугаар үзэгдэл нь өндөр барилга дээр гэмтсэн хүнийг доош ямарч хүндрэлгүйгээр буулгах, байг устгах, гал унтраах үүрэг өгөгдсөн.Нэгдүгээр үзэгдэл дээр багууд осолд орсон хоёр хүнийг хүндрэл өгөлгүйгээр чиг барьж боох,тэргэнцэр дээр буулгах, хитийн хот бодисыг цэвэрлэх зэрэгт цаг нэлээд алдсан хэдий ч Монголын уул уурхайн аврах багийнхан бүх үйлдийг зөв хийж арван минутад амжуулсан. Эднийх хамгийн зохион байгуулалт сайнтай баг бийв.  Хоёрдугаар үзэгдэл дээр багууд барилга дээрээс осолдсон хүнийг олсны систем ашиглаж тэргэнцэр дээр тавьж доош амжилттай буулгасан. Олон ширхэг олсны учрыг зөв олж, хүнээ эрсэлдэлгүй буулгахад аврагчдаас  хамгийн их хугацаа, ур чадварыг шаардсан. “Бороо голд”, “Кумтор”, “Энержи Ресурс”, Уул уурхайн аврах багийн гишүүд хамгийн хурдан хугацаанд, үйлдлээ бүрэн гүйцэд хийж бусдыг хошуучилсан. Аврагчид “Бороо голд” компанийн  үлгэр жишээ тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл дээр өрсөлдсөн. Тэмцээн шүүгчид дүн гаргахад хүнд байлаа. Өрсөлдөгч маш хүчтэй байсан тул секундээр хэмжиж байр эзлүүллээ.Олны хүдэн дээр ил болдог тул хамгийн шудрага шүүлтээр дүнг гарсан тухай шүүгчид хэлсэн. Шилдэг багаар Киргиз улсын “КУМТОР” уурхайн аврах баг шалгарсан. Мөн шилдэг багийн ахлагчаар “Кумтор”-ийн багийн ахлагч Сыдыков Марс Усенович тодорсон. Нэгдүгээр байрыг “Бороо голд” компанийн баг, удаах байранд “Кумтор”-ын баг, гуравдугаар байранд “Энержи Ресурс”-ын баг орсон. Түрүүлсэн баг, аврагчид алт, мөнгө, хүрэл медаль, цом, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнуулсан. Шилдэг аврагчидтай уулзаж ярилцлаа. Ийнхүү цусаар бичигдсэн дүрэмтэй аврагчид секунд, минуттай өрсөн тэмцэлдсэн.
Ц.Мягмарбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш