logo
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Анодыг дампууруулсан

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Анодыг дампууруулсан

2011/05/17
2008 онд Анод банкны хувьцааг гарахаас өмнө Санхүүгийн зохицуулах хорооны 100 дугаар тогтоол  гарчээ. Уг тогтоолд хувьцааны мөнгийг Анод банк өмчлөх, захиран зарцуулах эрхгүй гэж заажээ. Харин  мөнгийг төвлөрүүлж  барилга барих, моргейжийн зээлд хөрөнгө оруулах, санхүүжүүлэх зорилгыг нээлттэй үлдээжээ. Гэтэл  эл тогтоол Анодоос идэж уух гэсэн сонирхолтой хүмүүсийн, тухайлбал Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы сонирхолд үл нийцсэн тул 122 дугаар тогтоол гаргаж хувьцааны мөнгийг захиран зарцуулах эрхийг өөртөө олгосон. Үүнээс болж Анод дампуурсан.Тиймээс Анод банкны захирал асан Давааг хорьж цагдах биш Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд хариуцлага  хүлээлгэх ёстой гэж  Анод банкны хохирогчдын түр хорооны гишүүд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. Хэвлэлийн хурлын үеэр  хохирогчдын түр хорооны гишүүн эдийн засагч Л.Цэвээнравдан, өмгөөлөгч А.Эрдэнэбилэг нараас зарим зүйлийг тодрууллаа.
 
Өмгөөлөгч А.Эрдэнэбилэг : 122 дугаар тогтоол,” Олон овоот”-ын лиценз барьцаалж их хэмжээний зээл гаргасан гэсэн хоёр шалтгаанаар Анод дампуурсан
 
-Анодын дампуурлыг ганцхан СЗХ-ны 122 тогтоолоос болж дампуурсан гэж үзэж болох уу?  
 - 122-дугаар тогтоолоос гадна “Олон овоот”-ын лиценз барьцаалж их хэмжээний зээл олгосонтой холбоотой дампуурсан. Тухайн үед “Олон овоот”-ын орд Оюутолгой шиг том орд байсан. Олон мянган ам.долларын ашиг өгөх уурхай байсан.
- Лиценз хаана хэнд байгаа вэ?
 -Банк дампуурсан ч гэсэн барьцаа  лиценз банкинд үлдэх ёстой. Гэтэл лиценз хаа явааг  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан мэдэж байгаа байх. Эсвэл өөр нэг газар хэн нэгэн компанид олгосон байгаа. Хэрэв банкинд барьцаа үлдсэн бол Анод өнөөдөр Монголын хамгийн том банк байх байсан. 
-“Олон овоот” гэж ямар нөөцтэй орд юм бол?
-“Олон овоот”-ын лицензийн талаар олон түмэнд ойлгуулах асуудлын эсрэг төр зогсож байна. Олон овоотын талаар ярьсан хүн шоронд ордог.
- Ард нь хэн байгаа юм бэ?
-Би хэлж мэдэхгүй.
- Хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ?
-Их л олон тэрбум гэсэн. Миний хувьд хууль зөрчсөн эсэхэд дүн шинжилгээ хийдэг.
-122 дугаар тогтоол хуулийн хүрээнд буруу гэх үндэслэл нь юу вэ?
- Санхүүгийн зохицуулах хороо том эрхтэй байгууллага. Ямар ч тогтоолоор тухайн банкны эрх зүйн орчинг өөрчилж болно. Гэхдээ хувьцаа эзэмшигчид, ард түмний эрх ашгийг хохироож болохгүй байсан. Үүгээрээ СЗХ-ны дарга буруутай. 
 
Хохирогчдын түр хорооны гишүүн, эдийн засагч Л.Цэвээнравдан: 
 
-Анодыг нээлттэй хувьцаат компани болгох Санхүүгийн зохицуулах хорооны 100,122 дугаар тогтоолууд гарсан. Стратегийн хөрөнгө оруулагч нь Солонгосын компани байгаа гэж мэдүүлээд нээлттэй хувьцаат компани болгох 199 дугаар тогтоол гарсан байдаг. Гэтэл Солонгосын төр засгаас манайд ийм компани байхгүй гэж мэдэгдээд байхад хувьцаат компани болгосон. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч байхгүй байхад хувь нийлүүлэгчдийг төөрөгдүүлж хулхидсан. Үүнд СЗХ анхнаасаа Анодыг дампууруулж олигархиуд их хэмжээний мөнгө завших үйлдлийг хийсэн. Санхүүгийн зохицуулах хороо 2008 оноос Хөрөнгийн биржид бүртгэлтэй 380 компаниас 166 компанийг арилжаанд оруулахгүй зогсоосон. Үлдсэн 200 компаниас  идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 30 компани арилжаанд оролцдог. Арилжааны гадна үлдсэн 200 мянган хувьцаа эзэмшигчдийн мэдлэггүй, алслагдсан иргэдийн хувьцаа, мөнгийг  СЗХ идэж байна. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага тэднийг хохироож байна.  
 
Ц.Мягмарбаяр
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш