logo
Дэлхий сөнөх юм гэж үү?

Дэлхий сөнөх юм гэж үү?

2011/10/04
Цаг тооны бичиг дууссанаас биш дэлхийн мөхөл ирээгүй
    Амьдралын таашгүй ертөнцөд таамаглашгүй түмэн хаалга байх юм.  Тэрхүү таамаглашгүй үй түмэн хаалганд тааршгүй олон түлхүүр бас байна. Түлхүүр бүр  нь олдошгүй орон зайтай. Олдошгүй орон зайд хүрч онгойлгох шидэт түлхүүр нь сэтгэл л юм даа. Сэтгүүлч мэргэжлийг эзэмшиж, нийгмийн амьдралын алдаж оносон эрээн бараан, худал  үнэний үйлийн үрийг ой ухаан, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар зөв мэдэрч, нийгмийн өнгө аясыг ойлгож, чин сэтгэлээрээ зөв голдиролд оруулах  хэрэгцээ шаардлага  бас байна. Энэ л сэтгүүлч  мэргэжлийн зүй гэж ойлгодог. Ялангуяа сэтгүүлч хүн сэтгэл ухааны хэт төвлөрөлтэй, тэрхүү төвлөрсөн оюун бодлоосоо нийгмийн амьдралын дүр дүрслэлийг үүсгэж  байх хэрэгтэй. Нийгмийн амьдралд үзэгдэх өнгө гэрэл гэгээ, болоод сөрөг бүхнийг ч бас сэтгэлийнхээ төвлөрлөөр ухан гаргаж, улс эх орны, олон түмний амьдрал ахуйд тааралдах мянга мянган сонин хачин үзэгдлүүдийг сэтгүүлч хүн сэтгэл мэдрэхүйгээрээ олон зуун хүнтэй холбож байдаг. Ингээд бодохоор сэтгүүлч хүн нийгмийн өмнө асар их хариуцлага хүлээсэн бие хүн байх учиртай. Тийм ч учраас мэргэжлийн зүйгээ зүйгээр нь байлгахын тулд сэтгэл гээчээ номхотгомоор юм. Ийн хэлэхийн учир нь:  “Эх дэлхий буюу нарны аймаг бүхлээрээ тун удахгүй  сөнөнө”, ”Юу ч  үгүй болно”  гэсэн үхэл хагацалд дуудсан муугийн ёрыг зөгнөсөн цуурхал газар авч, хүмүүний ертөнцийг хүмүүс  өөрсдөө айдас хүйдэс  агуулсан сэтгэл шаналан байх харанхуй там мэт бий болгож байна. Олон нийтийг төөрөгдөлд оруулсан энэхүү  дам яриа модон улаатай аж. Өнөө маргаашгүй үхэхийн хооронд юу ч билээ гэх хүмүүсч тааралддаг боллоо. Хүмүүний ертөнцөд хүний дайтай амьдрая гэхийн оронд “Дэлхий сөнөнө” гээд ухаан алдталаа архидан согтуурах хүмүүсийн тоо ч олширох бололтой.  Энэ цуурхал хаанаас дэгдэв. Юуны учир ингэж ертөнц даяар дэгдэв. Үнэн үү ? Эсвэл  худал уу? гэдэгт сэтгэлээ чилээж хэдэн мөр холбож сууна.    
Энэ талаарх зөв буруу бас  ташаа ойлголтыг ухаж мэдрэх “Дэлхий үнэхээр сөнөх үү?”

Цуурхалд хариу өгөх  хэрэгцээ шаардлага бас байна.
 Дэлхий ертөнц сөнөж мөхөх болно гэсэн олон талын таамаглал бас  байгаа юм. Тухайлбал Вангагийн зөн, Нострадамусын шүлэг, хамгийн гол нь Майя омгийнхны үл таагдах “ Цаг тооны бичиг”  зэргээс шалтгаалан дэлхий ертөнц мөхөх тухай таамаг яриа дэгдсэн юм. Ард түмний дунд түгсэн домгоор 2012 оны 12-р сард дэлхий Нибиру хэмээх гаригтай мөргөлдөж , хүн төрөлхтний соёл иргэншилд  төгсгөл ирэх аж гэсэн яриаг таслан зогсоохын тулд АНУ-ын сансарын үндэсний агентлаг дэлхийн мөхлийн тухай олон нийтийг тайвшруулахаар  Насагийн астробиологийн институтын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Дэвид Моррисон хариулт өгсөн байна.
Уран зөгнөлч Зекари Ситчин эртний шумерууд ертөнцийн төгсгөлийг урьдчилан таамагласан гэж зарласан. 1976 онд хэвлүүлсэн “ 12 дахь гараг”  гэсэн бүтээлдээ эртний шумерийн гар бичмэл дотроос орчин үеийн шинжлэх ухаанаар танин мэдэгдээгүй Нибиру гарагийн тухай гар бичмэл олсон гэж зарласан. Энэ гараг манай гарагийг тойрон эргэдэг бөгөөд бүтэн тойрохын тулд 3600 дэлхийн жил шаардлагатай учраас өнөөг хүртэл түүнийг хэн ч олж хараагүй гэжээ. Саяхнаас энэхүү таамгийг өөр домгоор нотлохыг хичээсэн байна.
Эртний  “Майягийн Цаг тооны бичиг”-ээр 2011 оны 2-р сар нь манай ертөнцийн оршин тогтнох сүүлчийн сар бөгөөд түүнээс цааш ертөнц мөхнө гэжээ. Индейчүүд түүнийг 12 сарын 20-23 ны хооронд гэж урьдчилан тооцоолсон байна. Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ.
Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэсийн  эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ. Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэгээс ийн яриа дэгдэх болсон.
Индейчүүдийн урьдчилсан таамгийг сонирхох хандлагыг 2012 хэмээх зөгнөлт кино дэлхий сөнөх тухай Майягийн хуанлийн товлосон хугацаатай тохирч байгаа юм гэсэн киноны зохиомж олон түмнийг дэвэргэж байгаа. Манай кино театруудаар цацагдсан энэхүү кино ард олны сэтгэлийг төөрөгдөлд оруулсаны нэг жишээ нь энэ.
Дэлхийн мөхлийн тухай таамаг дэвшүүлэгчдийн иш үндэс болгож байгаа Майягийн цаг тооны бичиг нь ирээдүйг таамаглахад биш, өнгөрсөн цаг үеийг тооцох үндсэн дээр зохиогдсон гэдгийг онцлох хэрэгтэй. Майягийн цаг тооны бичиг 2012 он хүртэл зохиогдсоноос л шалтгаалж ертөнцийн мөхлийн тухай үзэл санаа үүссэн гэж үзэж байгаа нь дэлхий сөнөхгүй ээ гэдгийн нэгэн илрэл болох учиртай. Түүнчлэн 2012 онд гаригуудын ямар нэгэн жагсаал болохгүй. Бага ч гэсэн аюултай зүйл олж хараагүй гэдгийг баттай хэлж чаднаа хэмээсэн нь ертөнц мөхөхгүй гэдгийг нотолж байгаа хэрэг. Аливаа зүйлийг судалгаа шинжилгээний үр дүнгийн дагуу нарийн дүгнэлт гаргадаг. Тэгтэл сэтгэлийн хөдлөлтэй гэнэн итгэмтгийн зан чанарын улмаас нийгэмд хар бараан мэдээлэл шуугиад байна. Энэ нь нийгмийн хариуцлага ажил мэргэжлийн зүйгээ үл ойшоосон байдалтай холбоотой болов уу. 2012 оны талаарх яриаг бас өөрөөр тайлбарлаж байгаа нэг хэсэг хүмүүс байгаа юм. Тэд үзэхдээ 2012 оны энэ өөрчлөлт  сүйрэл гамшиг гэхээсээ илүү хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гэх мэтийн өөр өөр өнцгийг агуулсан үзэл санаануудыг дэвшүүлж байна.
Асуудал үүсдэггүй нийгэм гэж огтоосоо үгүй. Нийгэмд гарч буй тэр асуудал бүрийг намжаан эерэг хандлагатай болгохын тулд ард олон өөрсдөө ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж амьдралаа ариун цагаан буянаар дүүргэн амьдралын хэвшлээ зөв мөрөөр хөөж чадвал амьдрал аяндаа тэгшрэх болно.
Нүдэндээ нүгэлт үйл бүү үзье хэмээн хичээгтүн
Чихэндээ самуун үг бүү сонсъё хэмээн хичээгтүн
Амандаа чалчаа үг бүү өгүүлье хэмээн хичээгтүн
Сэтгэлдээ хортой санаа бүү агуулъя хэмээн хичээгтүн гэсэн дөрвөн мөрт буддын шашинд бий. 2012 онд дэлхий сөнөх нь, ертөнцийн мөхөл өмнө минь ирээд байна гэхчилэн дэмий хийсвэр болохгүй зүйлийн талаар их ярьж, их өгүүлэх нь сайн сайхны тэмдэг биш нь тодорхой. Манай монголчууд эрт дээр үеэс амны билгээр ашдын билэг гэж сургаж ирсэн шүү дээ.

Б.Болор-Эрдэнэ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш