Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлийг зовоож буй зүйл яах аргагүй хорт хавдар. Дэлхийд хорт хавдрын улмаас жилд 10 сая хүн нас барж зохих арга хэмжээг авахгүй бол дараагийн 10 жилд 84 сая хүн хорт хавдрын улмаас нас барна гэж ДЭМБ тооцоолжээ. Эдгээрийн 70 хувь нь хорт хавдрын урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэггүй ядуу улс оронд тохиолддог. Дэлхийд эрэгтэйчүүд уушиг, ходоодны хавдраар, эмэгтэйчүүд хөх, умайн хүзүүний хавдраар зонхилон өвчилдөг гэсэн баримт бий. Монгол Улсад хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдэж зүрх судасны өвчний дараа хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. 2000 онд 100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 289.7, нас баралт 92.3 байсан бол 2008 онд 418.3 ба 114 болж өсөв. 2004 онд хорт хавдар өвчний шинэ тохиолдол 3381 тохиолдож байсан бол 2008 онд 4267 бүртгэгдэж жилд тохиолдох хорт хавдрын тоо 21 хувиар өсчээ. Хорт хавдар нь ажил амьдралын туршлага сууж, ид хөдөлмөрлөх 40-55 насныханд илүү тохиолдож байгаа юм. Бүх эд эрхтэнд хавдар үүсч болно. Хүний бие махбодь маш олон төрлийн эдээс тогтох бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүсдэг аж. Хорт хавдрыг өмөн гэдэг. Хавдрын үед эс ямарч хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүснэ. Эдгээр гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай цусан хангамж, тэжээлийн бодисыг булаалдан тэжээгдэж байдаг тул хүн жингээ хурдан алдаж эхэлпэг байна. Хавдрын эс биеийн бусад хэсгүүдээр тархан, хэвийн эсүүдийг гэмтээж, шинэ гаж эсийн ургалтыг бий болгодог. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл (метастаз) гэнэ. Хавдрын эс нь цус ба лимф буюу тунгалагийн урсгалаар дамжин биеийн бусад хэсгүүдэд тархдаг. Хавдрын эс өсөж олшроход хүний дархлааны тогтолцоо гол үүрэг гүйцэтгэнэ. Дархлааны тогтолцоо хэвийн ажиллагаатай үед хавдрын эсийг илрүүлэн тусгаарлаж, устгаж байдаг гэнэ. Ямар ч аймаар юм бэ дээ “гэж хий дэмий л санаа алдах. Би энд нэгэн жишээг дурдахыг хүссэн юм. Миний эмээ бие султай хүн байлаа. Нэн ялангуяа зүрх нь их өвддөг байсан. Эмээгээ зүрхээр л бурхны оронд явуулчихгүй юмсан гэж зүрхний эм л авч өгнө. “Олон эм уудаг болоод ч тэр үү эмээгийнх нь ходоод цанхайгаад нэг л бишээ” гэж надад хааяа учирладаг байсан. Тухайн үед би хүүхэд байсан болоод ч тэр үү эмээгийнхээ үгийг төдийлөн сайтар анзаардаггүй байж. Учир нь эмээ маань ходоодны хорт хавдар хэмээх аюулт өвчин тусч хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. ХӨСҮТ-ийн Хөнгөвчлөх тасагт эмчлүүлж байсан эмээгийн минь ядарч зүдэрч тэр царай хэзээ ч сэтгэлээс минь гардаггүй. Хожим сэтгүүлч болоод хөнгөвчлөх эмчилгээний талаар эмчээс асуухад “Өвчин нь эцсийн шатандаа орсон хүмүүсийг л өвдөлтийг нь багасгахын тулд хийдэг эмчилгээ шүү дээ” гэж тайлбарлаж билээ. Хөөрхийдөө миний муу эмээ. Хөнгөвчлөх эмчилгээнд зүдэрч байсан эмээ шиг маш олон хүн бий шүү дээ Гэвч өвчнөө эртхэн оношлуулсан бол өдийд эмээтэйгээ байх байж дээ гэж өөрийн эрхгүй харуусал төрдөг. Гэвч хорт хавдраас хол байх боломж байгааг мэргэжлийн хүмүүс сэтгүүлчдэд төдийгүй ард иргэдэд тайлбарласаар байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын асуудал нь Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг билээ. Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, жилдээ дунджаар 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Манай оронд зонхилон тохиолдох зургаан байрлалын хорт хавдарт элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү ба хөхний өмөн ордог бөгөөд эдгээр нь нийт хорт хавдрын өвчлөлийн 80 гаруй хувийг эзэлдэг. Өвчлөлийн байдал цаашид энэ хэвээр 10 жил үргэлжлэхэд хавдрын өвчлөл, нас баралт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Умайн хүзүүний хорт хавдар нь манай оронд зонхилон тохиолддог хорт хавдрын тоонд багтаж нийт хорт хавдрын дотор 11.7 хувийг, эмэгтэйчүүдийн байрлалын эрхтний дотор тэргүүн байрыг эзэлдэг юм. ХСҮТ-ийн дүн бүртгэлийн албаны хийсэн судалгаагаар умайн хүзүүний хорт хавдрын 70 орчим хувийг III, IV хожуу үе шатандаа оношлогдон эмчилгээнд хамрагддаг аж. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хавдар судлалын практикт умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээний арга нэвтэрсэн хэдий ч хавдрын өвчлөлийг багасгахад дорвитой ахиц гарахгүй байна. Иймд умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үзлэг, шинжилгээг тухайн дүүрэг, орон нутгийн эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн дунд нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах нь хавдрын урьдал эмгэг ба хорт хавдрыг эрт илрүүлж, гуравдугаар шатлалын эмнэлэгт илгээж эмчилгээний асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой” гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж байгаа юм. Аливаа өвчнийг газар авахуулахгүйгээр эртхэн оношилж эмчилье. Тэгж чадвал хорт хавдраас хол байх боломж бий шүү дээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
Эх сурвалж: Өнөөдрийн тойм