logo
Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

2015/07/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” батлагдсан.

Журмын дагуу нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийт 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажил хийгдэж байгаа бөгөөд шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг бүрэн хариуцан гүйцэтгэж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах үйл ажиллагаа нь дээр дурьдсан журмын дагуу зөвхөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан этгээдийн хийж гүйцэтгэх ажил бөгөөд энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй болно.

Гэтэл зарим нэг иргэд “...Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган, дахин барилгажуулах ажлын хүрээнд хуучин барилгыг буулгах тендерийн ажлыг олж өгнө” гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал удаа дараа гарч, уг асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.  Залилан мэхлэгч этгээдэд хууртаж, эд хөрөнгөөр хохирсон бол цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан, тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэхүү хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт иргэн, хуулийн этгээдэд сэрэмжлүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш