logo
Ерөнхий сайдыг огцоруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх бололтой...

Ерөнхий сайдыг огцоруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх бололтой...

2011/10/05
Өчигдөр МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан төрийн ордны баруун талд байрлах “Elite”  төвд болж Сангийн яамыг МАН өөртөө авч үлдэх асуудлаар хэлэлцсэн байна. Нэлээд хүлээсний эцэст ирц бүрдэж хуралдлаа. Өргөтгөсөн хуралдааны үеэр Сангийн яам Ардчилсан намын мэдэлд байгаа нь хөрөнгийн дийлэнх Ардчилсан нам руу урсаж эрх мэдлийг нь өсгөх  шалтгаан болж байна хэмээн зарим гишүүн үзэж байгааг илэрхийлжээ. Тиймээс  Сангийн яамыг АН-аас салгаж, МАН-д авъя гэсэн санал гаргасан байна. Өөрөөр хэлбэл Сангийн сайдыг огцруулах болж байгаа юм. Тэд мөн сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлэх, Оюутолгойн гэрээний талаар ямар байр суурь баримтлах талаар ярилцжээ.
Хэдийгээр тус хурал хаалттай хуралдсан ч хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл ил болсоор байна.  Халуун яриа өрнөсний дараа Ерөнхий сайд, намын дарга С.Батболд гишүүддээ хандаж "Хурлын өмнө Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд миний өрөөнд орж ирэн уулзсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ажил удааширлаа.
Ард түмнээ сонсъё аян, тойрогтоо ажиллах явцад иргэд, намын гишүүд үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьтал асуудлыг ингэж хүндрүүлэх хэрэг байна уу гэлээ. Үнэхээр ийм шаардлага тавьж байгаа бол өргөх бичиг, саналаа гаргаад бүлгээрээ хэлэлцэх байх" хэмээн хэлсэн байна.
Оройн 19 цагийн орчимд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага тавьсан 20 гишүүд төрийн ордонд хуралдаж санал нэгтгэн Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтээ тавих бичгийг бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл байлаа.  Энэ талаар өөрсдөөс нь тодруулахад нэр дурдагдсан хүмүүс ч биш шаардлага өгсөн 20 гишүүн байгаа. Мөн бидний дэмждэг гишүүд 10-аад нэгдэх байх гэж байсан юм. Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барих бололтой.
УИХ-ын гишүүнээс гадна спикер намрын чуулганы нээлт дээр хэлсэн үг ч тэднийг ийнхүү яаралтай өргөтгөсөн хуралдаан хийхэд хүргэсэн гэж үзэж болохоор байна.
Freezone.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш