logo
Хуст уул, Төмөр толгойн орд газруудаас жилд 1 сая тонн төмрийн хүдэр олборлодог болжээ

Хуст уул, Төмөр толгойн орд газруудаас жилд 1 сая тонн төмрийн хүдэр олборлодог болжээ

2011/10/05
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хийн, гишүүдийн асуултад хариулсан юм.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх, төрд ногдох хувийг 51-ээс доошгүй хувьд хүргэх гэж уг тогтоолд заасан байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ЗТБХБ-ын дэд сайдаар ахлуулан ажиллуулж байгаа бөгөөд энэ ажлын хэсэг ОХУ-ын талтай гурван удаа уулзалт хийгээд байгаа ба үр дүн нь УБТЗ ХНН-ийн дүрмийн санд Монголын төрд ногдох хувийг 51 болгох талаар нааштай хандлагууд гаргаж байгаа хэмээн Д.Сугар дарга мэдээлсэн. Гэхдээ цаашдаа бүх ажиллагаанд хоёр тал тэгш байх, татвар төлөлт, шинэ төмөр зам дахь оросын талын оролцоо гэх мэт нэлээд асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа аж.
“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгөөр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах тухай заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын 10 байгууллагаас ирүүлсэн саналуудаас “Бейзмент” ХХК-ийг шалгаруулж, 10 жилийн хугацаатай гэрээг байгуулсан гэсэн мэдээллийг Д.Сугар дарга өглөө.
“Бейзмент” ХХК нь 55 сая ам.долларын хөрөнгө оруулж, цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болгон өргөтгөж, техник, технологийн болон парк шинэчлэлт хийх, ил уурхай, төмөр зам, авто тээврийн цогцолбор байгуулах, үүндээ Герман улсын тэргүүлэх аж үйлдвэрийн нэгдэл “Humboldt Wedag KHD” компани, “KFW” банктай хамтран ажиллахын зэрэгцээ Германы зураг төслөөр технологийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Jiangsu Pengfei group”-т үйлдвэрлэн нийлүүлэх аж. Мөн үйлдвэрийн хоёрдугаар шугамын технологийг шинэчлэх ажлыг хоёр жилд дуусган, ашгаа дараагийн дөрвөн жилд бүтээгдэхүүн хуваах зарчмаар олж авах гэнэ. Үйлдвэр одоогийн 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадлаа хэвээр хадгалж, шинээр барих шугамаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 10 хувийг хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хугацаанд борлуулах ба цаашид 100 хувь төрийн өмчлөлт шилжүүлэх юм байна. Гэрээнд тус компанийн хөрөнгийг хувьчлах, хувьцаа шилжүүлэх талаар ямар нэг тохиролцоо байхгүй ба одоогоор 20,3 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа аж.
“Багануур” төрийн өмчит хувьцаат компанийн нүүрсний нөөцийг олон улсын стандартын дагуу үнэлж, эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг хөрөнгийн үнэлгээнд оруулан цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх зэрэг төслүүдийг мэргэжлийн судалгаа хийсний үндсэн дээр боловсруулж, хэрэгжүүлэх эх үүсвэрийг төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган арилжаалах замаар бий болгоно гэж тогтоолд заасан.
ТЭЦ-5-ийг барих байршил болон Багануурын нүүрсний ордын нөөцийг олон улсын нийтлэх стандартад шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудтай холбогдоод тус компанийн хувьчлалын ажил тодорхой хугацаанд хойшлогдоод байсан ч дээрх асуудал шийдэгдсэнтэй холбогдуулан тус компанийн хувьчлалын бэлтгэл хангах ажил эхэлсэн гэж ТӨХ-ны дарга мэдээлсэн. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, нэмж гаргах хувьцааны тоо, хэмжээ, нэгж хувьцааны үнэ тогтоох, нэмж гаргах хувьцааг одоогийн хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх олгох эсэх, ордын нөөцийг олон улсын стандартын дагуу үнэлж тогтоох зэрэг ажлыг эхлүүлсэн ажээ. Энэ оны есдүгээр сард хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулж, Багануурын нүүрсний уурхайг түшиглүүлэн цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх асуудлыг судалж санал боловсруулах, Солонгосын эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн нүүрс гүн боловсруулах саналыг хүлээн авах эсэх асуудлыг зөвлөх компанитай хамтран шийдвэрлэх гэж буй юм байна.
Солонгосын тал нүүрс гүн боловсруулах ажил хэрэгжүүлэх авч Багануурын уурхайн хувьцааны 24 хувийг үнэ төлбөргүй авах санал тавьсныг хүлээн авах боломжгүй учир бага зэргийн асуудал үүсээд байгаа талаар ТӨХ-ны дарга гишүүдэд дуулгаж байсан.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг мэргэжлийн өндөр түвшний олон улсын удирдлагын багааг удирдуулах замаар үйл ажиллагааг нь сайжруулсны үндсэн дээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна гэсэн заалтын хэрэгжилт ямар байгааг олон гишүүн лавлаж байсан.
ТӨХ-ний даргын мэдээлснээр “Монголын хөрөнгийн бирж”-ийн үйл ажиллагааг удирдах Удирдлагын багийг сонгон шалгаруулж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээг гурван жилээр байгуулан, үйл ажиллагааг нь энэ оны долдугаар сараас эхлүүлжээ. Хөрөнгийн биржийн Удирдлагын багт төлөх төлбөр нь 14,2 тэрбум төгрөг аж. Ямартай ч гурван жилийн мастер төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Лондонгийн хөрөнгийн биржийн Удирдлагын баг Азидаа тэргүүлэх хэмжээний хөрөнгийн бирж болгоно хэмээн амалж буй юм байна.
Ер нь “Таван толгой”-н хувьцааг Лондонгийн, Хонконгийн, Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар төлөвлөөд байгаа ч техникийн болоод, хууль тогтоомжийн тал дээрээ манай орон учир дутагдалтай байгаа тухай ч Д.Сугар дарга дуулгасан. Тиймээс Лондонгийн биржтэй харилцан хөрвөх чадвартай болгох ажлыг эн түрүүнд тавьж байгаа юм байна. Эхний ээлжинд 50 хүнийг монголдоо хоёр сар, дараа нь Лондонгийн биржийн хэсэг хугацаагаар дадлагажуулаад байгаа гэсэн.
Харин гишүүдийн асуугаад байсан  Лондонгийн биржийн Удирдлагын баг Монголын хөрөнгийн биржийг хувьчлан авах гэнэ гэсэн яриа үндэсгүй гэж тэрбээр хэллээ. Хувьчлалыг нээлттэй явуулах бөгөөд үүнд хэн ч оролцох боломжтой гэлээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна гэсэн заалтын хэрэгжилтийн талаар доорх мэдээллийг өглөө.
Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглах, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлэх төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажлыг ЭБЭХЯ-тай хамтран зохион байгуулж, “QSC”компанийг сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Тус компани Дархан-Сэлэнгийн бүсэд орших төмрийн хүдрийн Хуст уул, Төмөр толгойн орд газруудыг үе шаттайгаар ашиглаж, бусад техникийн шинэчлэлийн ажлыг хийснээр жилд 1 сая тонн төмрийн хүдэр олборлодог болжээ.
Мөн хуурай аргаар жилд 1 сая тонн хүдэр баяжуулах үйлдвэр, хуурай аргаар гарсан хүдрийг нойтон аргаар баяжуулж өндөр агуулгатай ган үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг импортлон, түүнийг угсрах ажил явагдаж буй ажээ.
Г.Бүрэнжаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш