logo
Гишүүдийн шаардлагын хариуд албан бичиг хүргүүлжээ

Гишүүдийн шаардлагын хариуд албан бичиг хүргүүлжээ

2011/10/05
УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс  УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, уг тогтоолын хэрэгжилтийг энэ 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангаж, үр дүнг нь УИХ-д ирүүлэх тов тогтоосон билээ. Тэд өнөөдөр 11 цагт Ерөнхий сайдаас шаардлагынхаа хариуг авахаар Төрийн ордны В танхимд цугласан боловч Засгийн газрын тэргүүн биеэр хүрэлцэн ирэлгүй, албан ёсны хариултаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатараар дамжуулан хүргүүлсэн байв.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ,
-УИХ Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-т заасны дагуу Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж, тодорхой заасан нөхцөлүүдийн дагуу уг гэрээг байгуулах эрхийг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт олгосон. Гэтэл Засгийн газрын байгуулсан гэрээ энэхүү тогтоолын заалтуудыг хангаагүйн дээр үндэсний эрх ашигт нийцүүлж, зохих өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд удаа дараа тавьсаар атал өнөөг хүртэл хэрэгжүүлсэнгүй. Бид өчигдөр намрын чуулганы нээлт дээр тавьсан шаардлагаа бичгэн хэлбэрээр анхааруулсан. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн дээд байгууллага УИХ-аас Засгийн газар, түүний Ерөнхий сайдыг тохоон томилдог атал Ерөнхий сайд УИХ-аа үл тоомсорлон үгүйсгэж байна.
“Эрх зүйн орчин бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх” тухай УИХ-ын тогтоолын 3 дахь заалтын “Биелэлт” гэдэгтээ “Энэхүү гэрээг 30 жилийн дараа сунгах үед Монголын тал нэмэлт 16 хувийг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу шилжүүлэн авах эрхтэй байхаар гэрээнд тусгасан” гэж хариулжээ. Гэтэл гэрээний ТЭЗҮ-ийн 1.3.4-т “Анхны хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хугацаа 4,7 жил” гэж заасан байгаа. Тэгэхээр 57 дугаар тогтоолын дагуу 4,7 жилийн дараа Монголын талын хувьцааг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх ёстой байтал 30 жил гэж заасан нь туйлын хариуцлагагүй, уул уурхайн баялгаасаа хувь хүртэх монголчуудынхаа боломжийг хаасан хэрэг юм” гэлээ.
Гэрээний хэрэгжилттэй холдбогдуулан нэр бүхий гишүүд ч байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,
-Цаасан дээрх нэг л зүйлийг УИХ, Засгийн газар хоёр өөр өөрөөр ойлгож байгаа нь харамсалтай. Хамтарсан Засгийн газрын өнөөгийн замбараагүй байдал нь хуулиа дээдлэх төрт ёсондоо хэрхэн хандаж байгааг нь харуулж байна. “Төрийн ээмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэсэн атал бид түүнийг худалдаж аваад бүр 1 тэрбум долларын өртэй болчихоод байна гэсэн бол Ц.Даваасүрэн гишүүн, “Зарим хэвлэл мэдээллийнхний хэлж байгаачлан энэ бол сонгууль ойртсонтой холбоотойгоор гэнэт өнөөдөр босгож ирж байгаа асуудал биш. Оюутолгойн гэрээ УИХ-д орж ирсэн цагаас бид энэ асуудлыг Засгийн газарт тавьж ирсэн. Эцсийн бүлэгт 10 дугаар сарын 1 хүртэл тов тогтооон шаардлага хүргүүлээд 3 хоног хүлээсэн боловч найдлага талаар боллоо. Голын нэг эрэг дэр байх ёстой УИХ, Засгийн газар хоёр голынхоо хоёр талд гарчихсан зогсож байна. УИХ-ын хаврын чуулганы хаалт, намрын чуулганы нээлт дээр УИХ-ын даргын хэлсэн үгэнд ч хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстойг дурдсан байгаа. Засгийн газрын энэ хандлага биднийг дараагийн арга хэмжээ авах нөхцөл байдалд хүргэж байна. Хөрөнгө оруулагч талдаа ашигтай эрх зүйн зохицуулалтыг нь хийчихээд монголчуудынхаа талд юу ч хийхгүй байгаа нь ард түмэн маань ирээдүйд хүртэх уул уурхайн салбараас олох орлогыг нэмэгдүүлэх шаардлагад нийцэхгүй байна. ЗГХЭГ-аас ирүүлсэн албан тоотыг Ерөнхий сайдын албан ёсны хариу гэж үзэхгүй” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Монгол Улс хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй орон. 15-16-гаар хязгаарлагдахгүй стратегийн ордтой, өөдрөг ирээдүйтэй ард түмэн. Уул уурхайд тулгуурласан хөгжлөө эхнээс нь зөв залан жолоодохыг бид эрмэлзсэнээс бус гадны хөрөнгө оруулагчдыг дарамтлах бодлого бариагүй. Эхний том ордын хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэн хийгдэнэ, дараа дараагийнх нь тэр л жишгээр явах учраас энэ гэрээгээ үлгэр жишээ хийх, гол нь ард түмэн, улс орныхоо язгуур эрх ашигт нийцүүлэх шаардлага тавьсан. УИХ-аас анхны энэ гэрээнд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд гадны дуртай компани болгонтой гэрээ байгуулаад байхгүй гэдгийг харуулах түүхэн сургамжтай гэрээ байх учиртай юм” гэв.
Анх УИХ-ын 6 гишүүнээс бусад нь гар өргөн баталсан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ нэр бүхий гишүүд сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Г.Онон
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш