Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүний улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жефри Фелтманыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал, бусад арга хэмжээнүүдэд оролцуулахаар НҮБ-аас төлөөлөгчөө ирүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрээр 25 жилийн өмнө Монголд болсон анхны ардчилсан сонгууль нь тус улсын улс төрийн тогтолцоог ардчиллын зарчимд нийцүүлэн сууриар нь өөрчлөх, улмаар цаашид Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаж хэрэгжүүлэхэд түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэж байлаа. Монгол Улс улс төрийн тогтолцоогоо шинэчилснээр иргэдийн бүх талын эрх, эрх чөлөө хангагдаж, 20-иодхон жилийн дотор цоо шинээр онлайн эрх чөлөөг эдлэх болсныг мөн дурдаж байв. Өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засгийн хос шилжилтийг амжилттай хийж, иргэдийг хувийн өмчтэй болгосны нэг жишээ нь 25 жилийн өмнө нийгмийн өмчид байхдаа 25 сая толгой байсан мал сүрэг хувийн өмчид очсоноор 70 сая толгойд хүрснийг сонирхуулан хэллээ.
Монгол Улсын ардчилсан сонгуулийн туршлагыг Киргиз, Мьянмар тэргүүтэй гадаадын олон орон сонирхон судалж байгаа юм. Мөн Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүдтэй хийдэг гурван талт уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын хэмжээний арга хэмжээнүүдийг амжилттай саначлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жефри Фелтман Монгол Улсын ардчилсан сонгуулийн туршлага бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд сонирхол татаж, ардчиллын хөгжилд чухал нөлөө үзүүлж байгааг онцлон хэллээ. Монгол Улс нь ардчиллын үлгэр дуурайлал төдийгүй НҮБ-ын идэвхтэй гишүүн улс гэдгийг мөн дурдаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга баяр хүргэснийг дамжууллаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2030 он хүртэлх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтот хөтөлбөрт ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх хөтөлбөр дэвшүүлж буйтай хамт элэгний өвчлөлтэй тэмцэх асуудлыг тусгах санал дэвшүүлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүслээ.