Өнөөдөр Монголын сайтын холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” эко төслийг хэрэгжүүлэхээр болж хоёр байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Үүний дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Сарангэрэл хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнуудад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх товч мэдээллийг цахилгаан автобусаар аялуулан танилцуулж, Монголын сайтын холбооны удирдлага, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай хамтран мод тарьлаа.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс санаачлан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг бол энэ удаад манай байгууллагаас зохион байгуулж буй “Итгэлийн төгөл” хэмээх иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор мод тарих арга хэмжээ бөгөөд энэ арга хэмжээнд мод тарихыг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой юм” гэж ҮЦХ-ийн дарга Б.Сарангэрэл тайлбарлалаа. Мод тарьсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан болон иргэдэд ҮЦХ-ээс талархал гардуулж байлаа.